
2025 онд дүүрэгт хийгдэж байгаа зарим хөрөнгө оруулалтын ажлын явц удааширч буйгаас иргэд, оршин суугчдаас санал, гомдол ирж байгаа. Иймд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын Б.Мөнгөнхуяг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батцэцэг, дүүргийн Захиалагчийн ажлын албаны ерөнхий инженер Т.Цэрэнбат нар ажил нь удаашраад буй гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзан санал солилцлоо.
Уулзалтад:
- Нийтийн орон сууцны фасад хийхээр шалгарсан 2 багц ажлын гүйцэтгэгчид,
- 21-р хороонд автомашины гүүр шинэчлэх ажлын гүйцэтгэгч,
- 5, 6, 16, 20, 27, 28-р хороонд хотын стандартыг мөрдүүлэх, орчны аюулгүй байдлыг хангуулах засварын ажлын гүйцэтгэгчид ирж оролцлоо.
Компанийн төлөөллүүд бүтээн байгуулалтын явц удааширсан шалтгааныг бараа материалын үнэ нэмэгдсэн, татаж авсан материалууд намар хил гааль дээр гацсан зэрэг нь нөлөөлсөн. Гэхдээ бараа материалаа татаад авчихсан тул хариуцсан ажлаа гэрээнд заасан хугацаандаа дуусгана гэв. Мөн гэр хороололд гүүрийг шинэчлэх ажлын гүйцэтгэгчид зураг төсвөө дүүргийн ЗАА-нд хянуулахад дахин засах шаардлагатай гэсэн. Зургийн компанидаа захиалагчийн саналыг хүргүүлсэн бөгөөд зураг бэлэн болчихвол ажил хугацаандаа дуусна.
Санхүүжилтийн тухайд гүйцэтгэгчид гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгээд баримт материалаа бүрдүүлж, санхүүжилтээ авч байна гэсэн юм.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар гүйцэтгэгч компанийн удирдлагуудад "Та бүхнийг дүүрэг орон нутгийн зүгээс бүх талаар нь дэмжиж ажиллаж байгаа. Ийм дүүргийн ЗАА, холбогдох хэлтэстэй хамтраад гэрээнд заасны дагуу ажиллах, хүйтрэхээс өмнө хөрөнгө оруулалтын ажлуудаа яаравчилж, хугацаандаа дуусгах шаардлагатай байна" гэсэн юм.
























































