
Баянгол дүүрэгт дүүрэгт хүүхэд рүү 100 хувь үйл ажиллагаа нь чиглэсэн ОНӨТҮГ хоёр байдаг бөгөөд нэг нь “Баянгол хүүхдийн зуслан” нөгөө нь “Хүүхэд, залуучуудын соёлын ордон” юм.
Иймд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З.Балдандугар холбогдох мэргэжилтнүүдийн хамт дээрх хоёр байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзаж хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Тодруулбал,
- 2025 онд хүүхэд хөгжлийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил,
- Дүүрэгт төвлөрүүлэх төсвийн орлого бүрдүүлэлт, тулгарч буй асуудал,
- Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар санал солилцож, ярилцлаа.
“Хүүхэд, залуучуудын соёлын ордон” нь үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа. Өмнөх жилүүдэд жилд 350 орчим хүүхэд суралцдаг байсан бол энэ жилээс үйл ажиллагаагаа улам өргөжүүлж урлаг, спорт, хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх гээд нийт 18 чиглэлээр 650 гаруй хүүхдийг хүлээн авч, хөгжлийн хөтөлбөрт хамруулж байна.
Харин “Баянгол хүүхдийн зуслан” нь 2014 онд байгуулагдсан барилгын ажил хэт удааширснаас 2021 онд ашиглалтад орсон. Гэвч барилга байгууламж нь чанар муутай баригдсанаас шалтгаалан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн өгөөд дүүрэг орон нутгаас шаардлагатай арга хэмжээг авснаар сүүлийн хоёр жилд хүүхэд хүлээн авч эхэлсэн. Ингэхдээ зуны улиралд нэг ээлжиндээ 350-450 хүүхэд хүлээн авдаг бөгөөд жилд 1000 гаруй хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулж байгаа юм.
Гэвч дээрх хоёр байгууллагын барилга байгууламжид засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар саналаа хэлж, эхний ээлжинд зураг төсвийг гаргахаар боллоо.
Мөн дүүргийн төсөв бүрдүүлэх чиглэлээр орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч үйл ажиллагааны төрлийг нэмэгдүүлэх, дүүргийн 90 гаруй мянган хүүхэд рүү чиглэсэн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ чиглэлээр боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах, гэр хороолол зэрэг шаардлагатай газруудад салбар нээх талаар санал солилцлоо.





















































