Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Цэрэнхүү: Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй

2026-1-08
0
ЖИРГЭХ

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон,  Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Л.Батчулуун: Хуралд суухын хажуугаар аймаг орны төлөвлөгөөт болон шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлаар холбогдох яам, газар танилцуулж, шийдвэрлүүлэхэд багагүй цаг зардагсан

Анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын сонгуулийн Мөрөнгийн тойрогт өрсөлдөж, аймгийн геологийн инженер Чилхаажав (хожмын УБХ-ын гишүүн) ялагдаж, харин 380 дугаар тойрог буюу миний төрсөн сум Баянзүрхэд сонгууль будилж, хүчингүй болон дахин сонгууль зарлахад нутгийн зон олон намайг урьж оролцуулснаар 97 хувийн саналаар ялалт байгуулан АИХ-ын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хууль батлалцах хүндтэй хариуцлагатай үүрэг ноогдож, бас болоогүй аймгаас сонгогдсон АИХ-ын депутатуудын ахлагчаар ажиллах хувь тохиосон юм. Бүлгийн ахлагчийн хувьд зохион байгуулалт, бодлого чиглэлийг нэгтгэх, ээдрээтэй асуудал бүрд бүлгээрээ тусгайлан хуралдаж санал бодлоо нэгтгэн депутатуудаа ээлж дараалалд оруулан нэгдсэн хуралдаанд нэгтгэн илэрхийлэх аргыг өргөн хэрэглэдэг байв.

 

Манай депутатуудаас Н.Цэрэнхүү, Н.Баасанжав нар хамгийн олон удаа үг хэлж, санал шүүмжлэл гаргасан. Хуралд суухын хажуугаар ар тал, аймаг орны төлөвлөгөөт болон шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлаар холбогдох яам, газар танилцуулах, хуралд нь сууж шийдвэрлүүлэхэд багагүй цаг зардагсан.

1991 оны сүүлээр бензин, тосны асуудал хүндэрч, цагийн байдал, цас зуд багагүй нүүрлэсэн тул Засгийн газрын хуралдаанд асуудал бэлтгэж оруулан армийн нөөцөөс 12 ширхэг туулах чадвар сайтай бензин цистерн балансаас балансад шилжүүлж аймагтаа хүргүүлэн би өөрөө тэр үеийн ХҮ-ийн сайд Н.Баярбаатартай Буриад Улсын Түнкэн аймаг, Эрхүү мужид ажиллан гэрээ хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлэн Ханхаар бензин, шатахуунаа авч Хөвсгөл Завханыг хангаж байв. Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийг бэхжүүлэх зорилгоор “Алтай” зочид буудлыг авч ашиглахаар гэрээ хэлцэл байгуулах, аймагтаа баруун чиглэлийн тээврийн зам зориулж өндөр хүчин чадлын нефтийн бүтээгдэхүүний бааз байгуулах, мөн аймаг дундын бөөний худалдааны төвийн барилгыг эхлүүлэх, аймгийн барилгын материалын бааз болон шинээр байгуулсан хорих ангийг бэхжүүлэх зэрэг олон ажлыг амжуулж байсан санагдана.

Чуулгандаа сууж хуулиа хэлэлцэхээс гадна тойргийн хамт олон, нийслэлийн албан байгууллага, их, дээд сургуулиудаар хуулийн хэлэлцүүлгийн явц, шийдүүлэхэд хүнд байгаа асуудлын талаар танилцуулах, санал бодлыг нь сонсох, бүлгүүд ажлын хэсгийнхэнтэй тусгайлан уулзаж зөвшилцөх, мэтгэлцэх зэргээр цаг завгүй ажилладагсан. Зарим асуудлыг тухайлбал, хот тосгоны эрх зүйн асуудлыг Үндсэн хуульд бие даалган оруулах эрх зүйн орчныг баталгаажуулах талаар бүлгүүд ажлын хэсэг дээр олон удаа ярилцсан боловч, дэлхийн жишиг нэрээр орж ирсэн анхны төслөөр баталсны балаг Дархан-Уул, Эрдэнэт, Говьсүмбэр гэсэн цөөхөн сумтай, багаахан газар нутагтай аймаг, Бор-Өндөр, Бэрх, Хатгал, Тосонцэнгэл зэрэг улсын дундаж сумын хэмжээний багууд байгуулагдаж горыг нь амсаж байна.

Үндсэн хууль батлагдахаас цөөхөн хоногийн өмнө хөдөөнөөс голдуу сонгогдсон депутатууд цугларч батлагдах гэж байгаа хуулийнхаа зарим асуудлаар цөөнх болж хүчин мөхөсдсөн тухайгаа ярилцаж, Хөдөлмөрийн баатар Аварзэд гуайн голчхон гаргасан саналыг үндэслэн газрын харилцаа, өмч хувьчлал, бэлчээрийн асуудлаар шинэ Үндсэн хуульд дутуу тусгасан тул уг асуудлыг бие даасан хууль болгоход АИХ-ын депутатууд, ард нийтийн санал асуулгаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг АИХ-д мэдээлэн дэмжихийг хүсэж, нэр бүхий 241 депутат гарын үсгээ зурж баталгаажуулсныг Үндсэн хууль батлагдахаас цаг орчмын өмнө миний бие гардуулах үүрэг хүлээж, чуулганы хуралдаан дээр АИХ-ын даргад өргөн барьж билээ (АИХ-ын архивыг үзвэл байгаа). Бичгээ өгөөд буцах агшинд депутат М.Энхсайхан (Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга) их ууртай босч ирэн "Та нар шиг юм ардчилсан шинэ Үндсэн хууль батлахаас өмнө эсэргүүцэл илэрхийлээгүй шүү" гэж доог, омог хослуулан зандарч байсансан. Одоо тэр маань Үндсэн хуулиа орвонгоор нь өөрчлөх төсөл санаачлан гардан зохион байгуулагч болсныг харахад сонирхолтой санагддаг.

Монголын нийгмийн хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвартай, олон улсын жишигт нийцсэн, эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнол, хэтийн хөгжлийн хөтөч луужин баталгаа болж чадсан. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлалцан хэрэгжүүлж яваадаа бахархахын хамт ялалт, ялагдлыг хамтдаа туулж төр түмний түүх бүтээлцсэн "халуун өдрүүд", депутат нөхдөө дурсан санахад юутай сайхан.

Н.Цэрэнхүү: Төрийн маань сүлд төвөгтэй батлагдсан даа

Аливаа улсыг Үндсэн хуулиар нь таньж мэддэг гэж ярьдаг. 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хууль нь улс төрийн тогтвортой байдлыг хангасан ардчиллыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, хөгжлийн ирээдүйг тодорхойлсон, өөрийн орны өвөрмөц онцлог уламжлалтай холбосон дэлхийн төвшинд зөвшөөрөгдсөн түүхэн баримт бичиг, оюуны том бүтээл болсон юм.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхлэх өдрөөс батлах хүртэлх хугацаанд байнга нээлттэй байсан хамгийн маргаантай зөвшилцөж тохирдоггүй асуудал бол улсын нэр, хуулийн нэр, төрийн сүлд гурав байсан юм. Хэрвээ улсын нэрийг БНМАУ, төрийн бэлгэдэл сүлдийг хуучнаар үлдээвэл 70 жил ноёрхсон нийгмийн урдах тогтолцоог АИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж үздэг депутатууд нэлээдгүй байлаа. Тэр үед харьцангуй залуувтар насны депутатууд болон өөрсдийгөө ардчилагчид гэж нэрийдэгсэд хувьсгалт, ард гэх мэт нэр, улаан өнгө,  таван хошуу зэргээс үнэнхүү дургүйцэж байсан. Тийм ч учраас “БНМАУ”-ын “ард”-ыг авч хаях, төрийн тугийг "улаан”-гүй хөх цэнхэр болгох, улсын нийслэлийг Улаанбаатар биш өөр нэрээр нэрлэх гэх мэтээр нэлээдгүй маргалдаж байв.

Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй юм. Нэг үгний ч төлөө маргалдаж, хэлэлцэж тал бүрээс нь тунгааж байлаа. Жишээ нь: “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга орших хотыг улсын нийслэл гэнэ" гэсэн нэг өгүүлбэрийг бараг өдөржин ярилцаж, хэлэлцэж, зөвшилцөж байгаад “орших" гэдэг үг бол ирээдүй цагийг зааж байна. Нөгөө талаар оршуулга гэдэг утгатай дүйцэх маягтай гэж маргалдсаны эцэст депутат Л.Түдэвийн санал болгосноор “орших” биш “оршдог” гэдэг үгээр сольж баталж байлаа.

Үндсэн хуулийн бүлэг, заалтуудаас олон зүйлийг ярьж болох боловч төрийн бэлгэдэл болсон сүлдний талаар яаж, хэлэлцэж, маргалдаж байсныг товч сонирхуулъя. Анхны хэлэлцүүлэгт төрийн сүлд, зураач Ш.Тэнгисболдын загвараар цагаан, улаан хосолсон тасман хөвөөтэй хөх цэнхэр тойрог дотор элгэндээ дөрвөлжин хөх дэвсгэр дээр нар, сар, гал гурвыг мандуулж, эв эеийг илтгэх багц таван сумыг атгасан шонхор шувууг дүрсэлсэн байь. Гэтэл морьтой сүлдэндээ дассан депутатууд морь биш шувуун сүлдтэй болохоос зэрвэсхийж,түүнийг тал бүрээс нь муулж огт хүлээж авсангүй. Шувуу үр төл муутай, дэлэн хөхгүй, юм тогшиж иддэг, эвэр хошуутай, махчин, шувууны сүүдэр тооно дайрахыг муу ёр гэдэг, хон хэрээг санагдуулж байна гэхчилэнгээр элдвээр муулцгаалаа.

Улсын нэр, сүлдний талаар эцэс, төгсгөлгүй маргалдсаар сүүлдээ эрдэмтэн, мэргэд, судлаачдаар хичээл заалгах, зөвлөгөө авах саналыг нь сонсох зэргээр ойлголт, мэдлэгээ ч дээшлүүлцгээв. Эрдэмтэн доктор түүхч Ч.Далай, Г.Сүхбаатар, соёмбо судлаач Т.Отгонбаатар нараар хичээл заалгаж, Ж.Бадраа, П.Бадарч нарын зохиосон киног үзүүлсэн ч шонхор шувууг хүлээж авсангүй. Бүр аргаа бараад сүлд, тугны загвар бүтээх уралдаан зарлаж, 40 гаруй бүтээл ирснийг депутатуудад үзэсгэлэн гаргаж үзүүлэн, санал авахад тэр дотор сэтгэлд нийцэн тэнцэх бүтээл нэг ч гарсангүй. Аргаа бараад төрийн бэлгэдлийн асуудлаар депутатуудын дунд судалгаа явуулж, төрийн сүлдэнд ямар элементүүд оруулах талаар тодруулахад 80 хувь нь соёмбо, 76 хувь нь морь, 70 хувь нь нар, сар, 52 хувь нь галыг сүлдэндээ оруулах санал өгч, харин шонхор шувууны төлөө 1.5-хан хувь нь санал өгсөн байлаа. Ардын Их Хурлын танхимд төрийн бэлгэдлийн талаар ид маргалдаж байхад гаднаас янз бүрийн санал, шахалт байнга ирж байв. "Үг" сонины 30 дугаарт нэг сонгогчоос депутатуудад хандаж анхааруулга гаргасан байв. Тэнд “Та нарыг нэг муу махчин шувуутай сүлд батал гэж тулгаад байгаа дуулдана. Махчин амьтан сүлдэнд байж болохгүй шүү. Харин тэр сүлдэндээ хүн оруулав зай. Хүн золиг чинь шонхор шувуунаас хамаагүй их мах иддэг амьтан. Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан байлгүй яах вэ. Болж огвол симменталь үүлдрийн үнээ оруулахыг бодоорой. Бүр болдоггүй бол хуучин амьтан. Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан байлгүй яах вэ. Болж өгвөл байсан морийг гүү болгочихоорой... Эсвэл заавал хүн шаардлагатай бол мах иддэггүйгээр нь лам оруулж болно. Ингээд сэрийсэн хөхтэй сүү нь дусалсан гүү унасан, лам хүн улаан биш хар өнгөтэй нарыг зорин давхиж ... байгаагаар сүлдээ баталья” гэсэн санал дэвшүүлж байсан. Бас өөр нэг сонин дээр гөлөг сүлдтэй байвал яасан юм бэ гээд гөлөг бол “ертөнцийн гурван хөөрхөн”-ий нэгэнд ордог. Ер нь ч жинхэнэ монгол нохой айл гэрийн сүр сүлд, бахархал байдаг гээд монгол нохойноос гадна гадаадын үүлдрийн нохойнуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байсан юмдаг. Мөн тарвагыг оруулсан ч болно. Тэгвэл “Сүлдэнд мөнхөрсөн тарвага эрдэнэ хө" гээд хойшоо явж буй залуучууд дуулаад, гитардаж явбал зугаатай байх болно гэх мэтээр өдсөн, басамжилсан, егөөдсөн маш олон материал сонин хэвлэлд гарч байв.

Гэтэл залхсан, мухардсан депутатуудын сэтгэл зүйг овжин мэдэрсэн, зураач Ц.Ойдовын морь, соёмбо бүхий элементтэй одоогийн баталсан сүлдний загвар гэнэт гарч ирж, олонхын дэмжлэг авах хандлагатай болоход хэд хэдэн депутат ул үндэстэйгээр эсэргүүцэв. Депутат Ц.Балдорж: Ойдовын морь хавтгай толгой, дэл сүүлтэй, сүүл, хойт хөл хоёр нь хоорондоо нийлээд архины бөглөө онгойлгодог гогцоо хэлбэртэй болжээ...

Депутат Л.Түдэв: Ойдовын зурсан энэ морь, морь гэхэд хэцүү, цаасан хайчилсан хайчилбар шиг ийм хавтгай зургийг сүлд гэж ард түмэн сүсэглэн хүндэтгэнэ гэхэд хэцүү болжээ. Морь, соёмбо хоёрыг сүлдэнд оруулахыг санал болгосон хүмүүсийн аль алийг гомдоохгүй гэсэн юм шиг ханджээ. Сүлд далбаа бол ариун нандин зүйл. Ойдовын энэ сүлдэнд товойж харагдах зүйл алга байна. Ёстой л холимог зэрэмдэг зүйл болжээ. Энэ бүхэн урлаг мухардалд оруулсныг харуулж байна...

Депутат Р.Рэнцэннацаг: Ойдовын энэ загвар чинь Майн Ридийн өнөөх "Морь унасан толгойгүй хүн" гэдгийг санагдуулаад байна. Тэгээд ч монголчууд нуруун дээрээ жаахан ачаатай сул мориноос их сэжиглэдэг гэхчилэнгээр муулцгаалаа. Миний бие хүртэл Ойдовын сүлдний загварт дургүйцэж хагарсан шил шиг, сарнисан, бутарсан цээж бөгс нь тасарсан моринд сэтгэл гонсгор байсан юм. Гэвч лам олдохгүй бол буцахдаа таныг зална гэдэг шиг сүлдний өөр хувилбар байхгүй учраас Ойдовын энэ загвар Үндсэн хууль эцэслэн батлагдахын урд өдөр олонхын саналаар батлагдсан юм.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэд байдлын бэлгэ тэмдэг болсон төрийн сүлд далбаа, дуулал нь ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг нандин зүйл болохыг эрхэм депутатууд гүнзгий ухамсарлаж, нухацтай хандаж байсан нь эргэн санахад сургамжтай.

Үндсэн хууль батлагдаж байсан энэ үед манай орны ард түмний улс төрийн идэвх сонирхол маш өрнүүн оргил үе байсан санагддаг. Өмч хувьчлал явагдаж хүн бүр л “хувьцаа” гэх цэнхэр, ягаан тасалбар аваад л алт мөнгөө цэвэршүүлэх гэж гадагшаа гаргасан, диллер тоглож валютаа алдсан, энэ бүхнийг илчилсэн улсын банкны ерөнхий хорооны дарга асан Дарийн Данзан бараг л ардын баатар гэж нэрлэгдэж байсан үе юм. Ямар сайндаа сүлд дууны талаар маргаан болж байхад хуучин үгээ өөрчилж:

Дархан манай “Хувьцаат” улс

Даяар монголын "Алтан диллер"

Данзангийн үгэнд хэзээ ч орохгүй

Дандаа ингэж үүрд баларна гэж сүлд дуугаа өөрчилбөл яасан юм бэ гэсэн шог яриа танхимд тэнүүчилж байхав дээ.

Гэвч үүрэг зорилтоо гүнзгий ухамсарласан ардчилсан сонгуулийн анхны депутатууд шахалт, хавчилт, шаардлага, сүрдүүлэг, ухуулга, ятгалга, бухимдал, айдас бачимдах, баярлах, гацах, зөвшилцөх уур амьсгал дунд олон ургалч үзэл, оюуны хүч чадлаа уралдуулан байж дааж ядсан ачаалалтай, далан зургаан өдөр хуралдаж, “Монгол Улсын Үндсэн хууль" гэдэг ХХ зууны манлай хуулийг баталж чадсан юм. Энэ сайхан Монгол өргөөний өрхийг таталцаж унийг өлгөлцөж байсандаа насан туршдаа бахархаж явах болно.

Н.Содном:Ардын Их Хурлын хамгийн гол бүтээлийн нэг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан явдал

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед тэр үеийн социалист системийн орнуудад өөрчлөн байгуулалтын их аян өрнөж, хүн бүр ажил албандаа энэ үгийг ярих, хийж хэрэгжүүлэх эрмэлзэлтэй болж байсантай давхцан ардчилал зах зээлийн давалгаа хүчтэй өрнөж, ардчилсан нийгэмд шилжих баттай суурь тавигдаж байсан. Тэрхүү 1990 онд АИХ-ыг сонгох сонгууль олон намын мандаттай чөлөөт ардчилсан шинэлэг хэлбэрээр болоход Хөвсгөл аймгийн Галт сумын АИХ-ын 382 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүсээс олонхын санал авч (63 хувийн), Ардын Их Хурлын депутат гэсэн нэр хүндтэй, хариуцлагатай албыг хаших болж билээ. Би депутатаар сонгогдох үедээ сум-нэгдлийн даргаар ажиллаж байсан юм. Энэ удаагийн АИХ-ын анхдугаар чуулган үнэхээр шинэлэг хэлбэртэй, асуудлыг олон өнцгөөс харж, олон санаа уралдуулан хэлэлцэж, зөв шударга шийдвэрт хүрч байсанд хөдөөгийн депутатын хувьд их баярлаж байлаа. АИХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдааны дэгийн тухай асуудлыг хэлэлцэн батлахад нэлээдгүй цаг зарцуулж, гаргасан санал бүр дээр депутатуудын саналыг тоолж, асуудлыг олонхоор шийдвэрлэж байсныг тод санаж байна. Энэ хуралдаанаараа Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг (П.Очирбат гуайг) сонгож, Улсын Бага Хурлыг байгуулж даргаар нь Р.Гончигдоржийг, нарийн бичгийн даргаар Б.Чимид гуайг сонгож байв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар П.Бямбасүрэн гуайг томилж байсан юм.

АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал богино хугацаанд ажилласан боловч Монгол Улсынхаа түүхэнд тодоос тод үлдэх олон чухал асуудлыг шийдвэрлэсэн. Ялангуяа парламентын хоёр танхимтай ажиллахын ач холбогдол, үлгэр жишээг энэ хугацаанд харуулж чадсан. Улсын Бага Хурлыг байгуулж, Бага Хуралдаа хийж, шийдвэрлэсэн асуудлыг нь цаг хугацаатай тогтоож өгөөд түүнийхээ хэрэгжилтийг дараагийн хуралдаанаараа сонсож, Бага Хурлаас гаргасан шийдвэрийг зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгдөг байсан нь оновчтой сонгомол хэлбэр мэт санагдаж билээ. Тэр үед байгуулсан Улсын Бага Хурал (доод танхим гэж болох) үүргээ маш сайн биелүүлж, ардчилал, зах зээлийг шинэ нийгмийн хөгжлийн залуур болсон олон хуулийг баталж мөрдүүлснийг бид сайн мэднэ. Энэ удаагийн Ардын Их Хурлын хамгийн гол бүтээлийн нэг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан явдал билээ. Ард нийтийн санал авч төр, олон нийтийн байгууллага, Улсын Бага Хурлаар хэлэлцэж боловсруулсан Үндсэн хуулийн төслийг АИХ-ын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд хэлэлцэн баталж байлаа.

Хуулийн төслийг үг үсэг, өгүүлбэр, цэг таслал утга агуулга, хуулийн хэллэг найруулгыг олон талаас нь дахин дахин нягталж бидний баталсан Үндсэн хуулийг боломжийн сайн хууль гэж хувь хүнийхээ хувьд дүгнэдэг юм.

               Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
Танилц: “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөр
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд намын анхан шатны байгууллагууд идэвхтэй оролцоно
    4 мин
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
    30 мин
  • Ц.Идэрбат: О.Амгаланбаатар гишүүн сонин содон зүйл сэтгэдэг хүн. Энэ удаад арай хэтэрч байна
    56 мин
  • Д.Баасандамба:Төрийн далбааны өдрөөр 8500 хүнтэй цэргийн ёслол, техникийн дэлгэмэл парад зохион байгуулна
    1 цаг 4 мин
  • Танилц: “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөр
    2 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
    3 цаг 4 мин
  • Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
    3 цаг 38 мин
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
    4 цаг 7 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 10 мин
  • Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилнэ
    4 цаг 31 мин
  • ЗГ: “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна
    4 цаг 34 мин
  • ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан, бороо орохгүй
    6 цаг 16 мин
  • ФОТО: Криштану Роналду 20 жилийн хугацаанд зургаан ДАШТ-д гоолдсон анхны тоглогч боллоо
    6 цаг 27 мин
  • Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
    18 цаг 22 мин
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
    18 цаг 31 мин
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
    18 цаг 33 мин
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
    19 цаг 1 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 гаруй хувьд муу байна
    20 цаг 45 мин
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
    21 цаг 9 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК