
ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан болон холбогдох албаныхан Өвөрхангай аймагт ажиллажээ.
Аймгийн болон сумдын онцгой комиссоос танилцуулсан мэдээллээр аймгийн хэмжээнд нийт нутгийн 80 хувь цастай, 34 хувьд зудын өндөр эрсдэл үүссэн байна.
Уянга, Нарийнтээл, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Өлзийт сумдад өвөлжилт хүндэрч, зарим сумын өвс тэжээлийн нөөц дуусжээ.
133.8 мянган толгой мал гаднын 14 аймгийн 50 суманд отроор өвөлжиж байгаа аж. Түүнчлэн өвс тэжээлийн аюулгүй нөөцийг аймгийн хэмжээнд 75 хувь, сумдын хэмжээнд 48 хувьтай бэлтгэл хангасныг танилцуулав.
Сант сум нийт мал сүргийнхээ 40 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл цас ихээр орж сумын нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна.
Арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн мал бэлчээрлэх байдал хүндэрч малыг тэжээлд оруулж эхэлсэн бөгөөд бэлчээрээс мал өвс идэх боломжгүй болсон учраас 500 гаран мал өлдөж, хорогджээ.
Цаашид дөрөвдүгээр сар гартал малыг тэжээх өвс тэжээлийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэхийг салбар яам, улсын онцгой комиссоос хүслээ. Мөн хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох, өвөлжилт хүндэрсэн сум, багууд, айл өрхийн хооронд зам гаргах, малын бэлчээрт хүрэх жим гаргах туулах чадвар сайтай техник хэрэгсэл, шатахуун, тослох материалын дэмжлэг шаардлагатай байгааг уламжиллаа.
Иймд ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав Засгийн газраас өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн аймгуудад улсын нөөцөөс тэжээл олгох шийдвэр гарсан. Үүнээс Өвөрхангай аймагт 549 тонн тэжээл хуваарилсан. Тус нөөцийг аймгийн онцгой комиссоос татан авч сумдад хуваарилах ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгов.





















































