
Гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ нь өмнөх 10 хоногоос 20 хувиар буурсан ба цасны дундаж зузаан нь 7 см, цасан дахь усны нөөц 10.5 шоо.км болсон байна.
Жишээлбэл, Халх, Ерөө, Хэрлэн, Шишхэд, Булган, Хараа, Увс нуур-Тэс гол, Улз гол-Хөх нуур, Онон голын сав газруудын 85-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.67 шоо.км, Хөвсгөл нуур-Эг, Сэлэнгэ мөрөн, Мэнэнгийн тал, Идэр, Үенч, Бодонч, Туул, Хар нуур-Ховд гол, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан гол, Орхон голын сав газруудын 45-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.43 шоо.км байна.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
























































