
Улаанбаатар – 15-22 насны оюутан залуус сурч байх хугацаандаа хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэхээ өөрсдөө сонгох боломжтой болж байна.
Энэхүү зохицуулалт нь зөвхөн оюутан залуучуудад хамаарах бөгөөд тэд сургуулийнхаа хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох нөхцөлийг илүү дэмжих зорилготой юм. Ингэснээр залуус ажиллах туршлага хуримтлуулахын зэрэгцээ эдийн засгийн хувьд бие даах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Нөгөө талаас ажиллах хүчний хомсдолтой байгаа аж ахуйн нэгжүүдэд оюутан залуус хөдөлмөрийн зах зээлийн чухал нөөц болж, хүний нөөцийн хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм.Харин уул уурхайн салбарт ажиллаж буй 15-22 насны оюутнуудын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх зохицуулалт хэвээр үйлчлэх аж.
Шинэ зохицуулалт нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, ажил олгогчдын хүний нөөцийн хэрэгцээг хангахад чиглэсэн арга хэмжээний нэг гэж албаныхан онцолж байна.



















































