
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 26-ны пүрэв гарагт болно.
Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулсан бөгөөд 128 бөх зодоглосноос дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. Харин 1990 оноос хойш тогтмол зохион байгуулах болсон юм.
Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1990, 1992, 1993, 1997-1999 онд нийт 6 удаа түрүүлсэн байх юм. Тэгвэл улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойгоор анх түрүүлснээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд нийт таван түрүү авчээ.





















































