Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын Баатар” цол хүртсэн Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, ахмад дайчин П.Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов. Уг арга хэмжээнд ГХЯ-ны үе үеийн дипломатууд, элчин сайд нар оролцсон бөгөөд энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, “Монголын Элчин Сайд нарын Клуб”-ын Ерөнхийлөгч бөгөөд Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ц.Жамбалдорж, Элчин сайд асан Р.Жигжид нар хүндэтгэл үзүүлэн үг хэллээ.
Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ “Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” гэсэн ардын сайхан сургааль бий. П.Шагдарсүрэн сайд Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлыг улстөр, дипломатын аргаар хангах бидний эрхэм үйлсэд бүхий л амьдралынхаа турш өөрийгөө зориулж, олон жилийн нөр их хөдөлмөр, хөлс хүч, зүтгэл, зүрх сэтгэлээ зориулан цуцалтгүй хөдөлмөрлөсний өгөөжийн үрээр алдар цуугийн торгон хүндэтгэлийг олж, хэний ч маргашгүй буяныг бас гавьяаг бүтээж хамт олон, ард түмэндээ хүндлэгдэн, хайрлагдсан ахмад дипломатч билээ” гэв.






















































