Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас
тодруулахад цахим иргэний үнэмлэх хэвлэгдэж дуусах нь байтугай эхлээгүй
байгаа гэж мэдэгдсэн юм. Цахим үнэмлэх хэзээ хэвлэгдэж эхлэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа гэлээ.

Цагаан сарын өдрүүдэд цахим иргэний үнэмлэх хэвлэгдэж дууслаа гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр тараад байсан. Гэсэн ч энэ тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас тодруулахад цахим иргэний үнэмлэх хэвлэгдэж дуусах нь байтугай эхлээгүй байгаа гэж мэдэгдсэн юм. Цахим үнэмлэх хэзээ хэвлэгдэж эхлэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа гэлээ. УИХ-ын сонгуулийг будлиангүй, шударга явуулах нэг түлхүүр нь болсон шинэ иргэний үнэмлэх ингэж хугацаандаа хэвлэгдэхгүй байгаа нь АН-ын гишүүдэд хар төрүүлж эхэлжээ. АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр УБЕГ-ын түр орлон гүйцэтгэгчээр МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүнийг, тодруулбал, Л.Амарсанааг томилсон нь эхнээсээ буруу үйлдэл байсан гэв. АН-ын удирдлагууд түүнийг энэ ажилд томилохгүй хэмээн шаардах бичиг ч хүргүүлж байсан удаатай. Гэсэн ч тэрбээр намын хүчээр УБЕГ-т ажиллах болсон. Цахим иргэний үнэмлэхийг орон даяар тараах багагүй хугацаа шаардсан ажил хүлээж байхад өнөөдрийг хүртэл хэвлэж эхлээгүй байгаа хариуцлагыг Л.Амарсанаа даргаа АН-ынхан нэхэх бололтой. Өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн хурлаар УБЕГ-ын ажилтнуудаас мэдээлэл сонссон гишүүд ч сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг тараахгүй байх хүсэл, сонирхолтой хүн олон байгаа тул хэвлэлийнхэн ч, иргэд ч хяналт тавих хэрэгтэй гэдэг үгийг хэлж байсан юм.