Монголын Засгийн газартай гайгүй сайн наймаа
хийж чадсан “Айвенхоу Майнз” компаний захирал Роберт Фрийдланд “Рио Тинто”-гийн
шахалтанд багтрахдаа Оюутолгойд хамаг
хүчээ тавьж байна. Өнгөрсөн оны 12-р сард Оюутолгойн бүтээн байгуулалт 50
хувьтай байгаа гэж мэдээлж байсан бол хамгийн сүүлд mineweb.com сайтад бичсэнээр
73 хувьтай болжээ. Ингэснээр Оюутолгойн орд 2012 оны намраас олборлолт болон
борлуулалтын ажлаа эхэлнэ гэсэн төлөвлөгөөнд хүрэхээр байгаа аж. Хугацаандаа
амжихын тулд Р.Фрийдландад хурд хэрэгтэй, хурдтай болохын тулд мөнгө хэрэгтэй.
Тиймээс тэрбээр “Айвенхоу Майнз”-ын бусад эзэмшлийг худалдаж мөнгө олохоор
шийдсэн тухайгаа албан ёсоор хэвлэлд ярьжээ. Р.Фрийдландын мэдэлд Оюутолгойн 66
хувиас гадна “South Gobi resources”-ын 57 хувь, Казахстаны “Kyzyl Gold”-ын 50 хувь, Австралийн
“Ivanhoe Australia”-гийн 62
хувийг эзэмшдэг. Мөн Өмнөговьд олборлолт хийдэг “Entree Gold” компаний 14 хувийг гартаа барьж байдаг гэж албан ёсны
мэдээлэлд нь дурджээ. Энэ их хөрөнгөө ноён Р.Фрийдланд гаргуунд нь гаргаж
байгаа нь цаанаа бас учиртай. Оны өмнө “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз”-д эзэмшдэг хувиа 49-өөс дээш болгож, хяналтын багцыг гартаа авах боломжтой болсон юм. Анх гэрээ байгуулахдаа “Рио Тинто” дээрх хувьцаагаа таван жилийн турш 49 хувиас дээш гаргахгүй гэсэн хязгаарлалт оруулсан. Энэ хязгаарлалтын хугацаа өнгөрөгч оны 12-р сард дууссан тул “Рио Тинто” Р.Фрийдландийн хувьцаанаас хэдийг л бол хэдийг авах боломжтой болсон гэсэн үг. Энэ огтлолцол дээр л Оюутолгой тун үнэд орж, Р.Фрийдланд яарч адгаж байгаа юм. Хэрэв Оюутолгой төсөл удааширч, хөрөнгө оруулагчид итгэл алдарч эхлэвэл “Айвенхоу Майнз”-ын хувьцаа дэлхийн зах зээл дээр унана. Хувьцаа эзэмшигчид хувьцаагаа хэдээр ч хамаагүй зарахыг бодно. Энэ эгшинд л Рио Тинто хямдхан, бас амттай “хоол” болсон “Айвенхоу”-гийн эрх мэдлийг гартаа авахаар санаархаж байгааг олон улсын шинжээчид хэлж байна. Р.Фрийдландын гараас Оюутолгойг гулсууллаа л гэсэн үг. Одоо “Айвенхоу Майнз”-ын хийж чадах зүйл бол цаг хожих. Түүний тулд Оюутолгойг босгож аваад компанийхаа хувьцааны ханшийг өсгөх нэг арга байгааг тэрбээр олж харсан бололтой. Ирэх тавдугаар сард болох хөрөнгө оруулагчдын хурлаар Оюутолгой удахгүй ашгаа өгч эхлэх болно гэдгийг итгүүлж чадвал хөрөнгө оруулагчид нь хувьцаагаа зарахгүй, “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ын тэнцвэрийг алдагдуулахгүй барих магадлалтай. Компаний хяналтын багцаа алдвал Оюутолгойг алдана л гэсэн үг. Тиймээс ноён Р.Фрийдланд дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа үедээ Оюутолгойд ухаанаа тавьж, бусдыг нь мөрийнд тавьж байна. Ёстой л үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг болж байна даа.
Б.Баяр





















































