Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг "Ийгл" телевизийн байранд танхайрч, сэтгүүлчийн биед халдсан гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд сошиал ертөнцөөр хүчтэй тарсан.
Тэгвэл уг асуудлаар Б.Жаргалсайхан анх удаа тайлбар хийжээ.
Тэрбээр хүмүүс хоорондын үл ойлголцсон асуудлыг УИХ-ын М.Зоригт олон нийтэд цацаж улс төржүүллээ. Энэ нь надад өс санаж явдгийн илрэл гэсэн байна.
Энэ талаар тэрбээр “М.Зоригт гэдэг нөхөр санаатайгаар миний нэр хүндэд халдаж тэр бичлэгийг цацаж байгаа юм. Энэ хүн тус телевизийн хөрөнгө оруулагчдын нэг. Нөгөө “Голомт” банкны М.Зоригт шүү дээ. Сүхбаатар аймгаас нэр дэвшсэн. Сү.Батболдын аав нь Сүхбаатар аймгийнх. Тэд нэг нутгийнх. Би ярилцлага өгөх бүртээ Сү.Батболдыг шүүмжилж зэмлээд байгаа учир М.Зоригт өмөөрч миний нэх хүндийг гутаах гэж цахим ертөнцөд тэр бичлэгийг тавьж байгаа юм. Би тийм зүйлээс айдаг хүн мөн үү. Намайг шоронд хийж айлган биз. Чаддаг юм бол ирээд алчихгүй юу, тийм л мундаг юм бол. Түүнээс хүмүүс аль муудалцаж сайдахыг хэлдэг юм. Тэгэж байж ах, дүү болдог. Алдаж онож сайн, сайхан явдаг. Миний нэр хүндэд халдаж байгаа тэр хүний царай нь энэ” гэж ярьсан байна.
Мөн сэтгүүлчийн биед халдсан тэр өдрийн үйл явдлын талаар тэрбээр доорх тайлбарыг хийсэн байх юм.
“Замын түгжрэл ихтэй байсан учраас машинтай явахад хэцүү юм. Болзсон цагаасаа хоцорлоо гээд санаа зовж, замын голд машинаа зогсоогоод гүйж орсон. Гэтэл биднийг тус телевизийн үүдэнд угтаж авсан бүсгүй хашгирч загнасан. Ярилцлага өгөх студи руу дагуулж явах замдаа чангаар хашгираад байхаар нь “Одоо боль, битгий хашгирч загнаад бай. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм. Санаатайгаар хоцорсон биш. Үнэхээр хэцүү байдалд хүргэчихсэн бол ярилцлага өгөхөө больё” гэсэн. Нөгөө бүсгүй студийн үүрэнд ирээд “ор” гэсэн. Нэг сэтгүүлч залуу тэнд байсан юм. Тэр залуу бас л уурлаж ундууцсан. Нэгэнт хоцорчихсон юм чинь яах вэ. Цагийг хойшлуулъя гэж хэлтэл “Ер нь чамаас заавал ярилцлага авах албатай юу. Боль, яв та нар. Явахгүй юу” гэсэн. Чи яагаад ингээд байгаа юм гэтэл их муухай ааш авир гаргасан. Түүнийх нь хариуд би түлхсэн. Болсон явдал бол ердөө л энэ” гэжээ.
Түүний хувьд “Ийгл” телевизийнхэн зочноор урьсан хүнээ уурлаж биш тайвнаар угтаж авах байсан гэж бодож байгаа аж. Цаашлаад тэрбээр 10 гаруй жил энэ телевизийн үйл ажиллагааг дэмжиж дуудсан цагт нь очиж ярилцлага өгдөг байснаа дурдсан байна. Мөн одоогийн залуус ахмад настнаа хүндэтгэж сурах хэрэгтэй. Гэхдээ уг хэрэг явдал болсны дараа сэтгүүлч залуугаас уучлал хүссэн. Эрчүүд зодолдож дотносож нөхөрлөх зүйл байдаг гэдгийг дурджээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (49)