Эрүүгийн цагдаагийн газрынхан сүүлийн хэдэн өдрүүдэд хар тамхи борлуулсан, хадгалсан, хэрэглэсэн гэх 10 гаруй гэмт хэргийг илрүүлсэн талаар дөнгөж сая ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү хэлэхдээ “Хар тамхины хэрэглээ манай улсад улам нэмэгдсээр байна. Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 02-ныг хүртэлх хугацаанд мансууруулах бодис түүж хадгалдаг, түүнийг нь борлуулдаг, хэрэглэдэг сүлжээ бүхий 18-36 насны 21 гаруй залуусыг баривчилсан. Тэдэн дунд манай орны ихэнх нутгаар ургадаг каннабис буюу зэрлэг олсны ургамалыг их хэмжээгээр хадгалж, зарж борлуулдаг нөхөд байхад гадаадын иргэдтэй хамтарч ажилладаг “Ice” буюу мөс, гашиш зэрэг мансууруулах төрлийн бодисыг худалдаалдаг сүлжээнд орсон этгээдүүд байсан. Тодруулбал сэжигтнүүдийн орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метафетамины төрөл болох ICE буюу мөс 111,1 гр, шашис 15,5 гр, өвс 6,4 кг, анданте 490 ширхэгийг илрүүлж, эд мөрийн баримтаар хураанд авч, мөрдөн байцаалт явуулж байна.
Түүнчлэн энэ хэрэгт холбогдон баригдсан хүмүүс дунд зургаан этгээд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бөгөөд үүнээс гурав нь 2008 болон 2013 онуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлд заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэх зүйл ангиар ял шийтгүүлж байсан. Улмаар давтан энэ хэргийг үйлдсэн тул хэрэг нь хүндрэх нөхцөл байдалтай болж, ял нь улам нэмэгдэхээр болж байна.” хэмээсэн юм.
Өнгөрсөн 2014 онц цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг 65 бүртгэгдсэн бөгөөд үүнд 132 хүн холбогдон шалгагдаж байгаа юм байна.
Д.Ундрах
Сэтгэгдэл (1)