Хот хоорондын зорчигч тээврийн 22-88 УВХ улсын дугаартай “Паз 4234” загварын автобус нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс өчигдөр 03:00 цагийн орчимд унасан тухай дуудлага өнөөдөр өглөөний 07:30 цагт Онцгой байдлын хэлтэст иржээ. Ослын газарт Архангай аймгийн Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 автомашин, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, 1 автомашин, нийт 4 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14 иргэн гэмтсэн байсныг сумын хүн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Үүний дагуу Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Д.Чинбатаас тодруулахад “Найман хүний биеийн байдал хүнд байгаа. Эмнэлэгт хүргэсэн. Аймгаас том оврын автобус явуулж 27 хүнийг авчрахаар болсон” гэлээ.
Т.Энхэлээ