“Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямбаа Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл өвсөн гэх нэрийдлээр Мөрөн-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэсний орлогоос жолооч тус бүрээс 600 000 төгрөгийг “шатахуун цэнэглэсний төлбөр” хэмээн ямар нэгэн эрхийн актгүйгээр хууль бусаар хурааж авдаг байна. Тус компани нь “Петровис” ХК-тай шатахуун нийлүүлэлтийн гэрээтэй ажилладаг. Ингэснээр зорчигч тээврийн жолооч нар шатахуунаа “Петровис”-ийн ШТС-аас картаар цэнэглэхдээ үнийн дүнгийн 1.5-3 хувийн урамшуулал эрх авах ёстой байтал тэр урамшууллыг нь жолооч нар бус “Минтранс” ХХК дансандаа байршуулан завшдаг аж. Энэ байдал дөрвөн жил үргэлжилж байгааг гомдол гаргасан жолооч нар батлан хэлж байна.
Мөн тус компани нь “Номадс Катеринг энд Интеграйтед сервис” ХХК-тай Оюутолгойн ажилчдыг сард хоёр удаа тээвэрлэх гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд нэр бүхий таван жолооч “Минтранс”-ийн даалгавраар 2011 оноос хойш 70 гаруй удаа тээвэрлэлт хийжээ. Номадс Катеринг энд Интеграйтед сервис” ХХК-иас “Минтранс”-ын дансанд рэйс тутамд 2 520 000 төгрөг шилждэг байж. Гэтэл уг дансанд дээрх мөнгө шилжин орох бүрт 10 хувийг нь “Номадс”-ынхан суутгалаа гэсэн тайлбартайгаар 17 сая гаруй төгрөгийг мөн л дансандаа үлдээж завшдаг гэнэ. Цаашлаад нийгмийн даатгалд төлсөн мөнгөнөөс хувийн данс руугаа шилжүүлсэн олон хууль бус үйлдэлтэй аж.
Салбарын яамны хүртэл нэрийг барин жолооч нарыг шулж, хууль бус орлогуудаа хувийн дансандаа хураасаар баяжсан тус компанийн хэрэг өнгөрсөн хугацаанд хангалтгүй шалгагдаж ирсэнд тус компанийн нэр дээр тээвэрлэлт хийдэг жолооч нар гомдолтой байна. Учир нь СХД-ийн Цагдаагийн III хэлтэс, дүүргийн прокурорууд шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийсэнгүй, бидэнд тайлбарлаж байсан шигээ гэмт үйлдэл бүрт нь хариуцлага хүлээлгэж, компанийн данс, үйл ажиллагааг хаана гэсэндээ хүрэлгүй хэрэгсэхгүй болгоод буцаасан тул Нийслэлийн прокурорын газарт гомдлоо гаргаад байгаа аж.























































