Монголчууд эх орондоо брэнд гутал үйлдвэрлэж, дэлхийн гутлын зах зээлд өөрийн нэрийг цуурайтуулж байна.
Монгол хүний авьяас билэг, агуу их хөдөлмөрч чанарын илэрхийлэл болж “Бест Шүес” ХХК өдгөө өөрийн гэсэн байр суурийг олж, амжилт бүтээл нь нар мэт гэрэлтэж, нэр хүнд нь од мэт гялалзаж байна.
Ийнхүү магтахын учир тус компани Монгол Улсад гутал үйлдвэрлэж байгаа цөөхөн үйлдвэрүүдийн нэг төдийгүй 15 жил тасралтгүй үйл ажиллагагаа амжилттай явуулж чадсан гутлын үйлдвэр юм.
Гутал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Итали улсаас нэг их хол зөрөхөөргүй чанартай гутал үйлдвэрлэдэг “Бест Шүес” ХХК өнгөрсөн жил Чингис бондоос 2 тэрбум төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ.
Тэгвэл тус үйлдвэр өдгөө хэрхэн ажиллаж байгаа болон эх орондоо үйлдвэрлэж байгаа гуталнууд хэрхэн “амьлдаг”-ыг сонирхохоор Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Бест Шүес” ХХК-ийг зорив.
“Бест шүес” ХХК-ийн захирал Б.Түвдэнням биднийг сурвалжлага хийхээр очих үед эзгүй байсан учир түүний дүү “ахын үнэнч туслах” үйлдвэрийн дарга Б.Эрдэнэ гэх залуу биднийг угтан авав.
Гурван давхар тус үйлдвэрийн байрны хашаагаар орвол бүх зүйл эмх цэгцтэй. Үйлдэрийн байрны үүдэн хэсэгт нэлээд том хэмжээтэй гутлын сувнер хийж байрлуулсан нь гутлын үйлдвэрт орсныг илтгэх мэт.
Тус үйлдвэр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байсан бол өнгөрсөн жил Чингис бондоос санхүүжсэн зээлээрээ өдөрт 700-800 хос гутал үйлдвэрлэн гаргах хүчин чадал бүхий конейверын шугамтай үйлдвэрийг шинээр нээжээ.
Ийнхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Монгол брэнд гутлыг үйлдвэрлэж байгаа төдийгүй цүнх, модон тавилгыг арьсаар бүрж тансаг хэрэглээний арьсан тавилга, жижиг арьсан эдлэл үйлдвэрлэдэг байна.
Үйлдвэрийн дарга Б.Эрдэнэ өөрийн үйлдвэрийг бидэнд танилцуулж, захилгын хэсэгт авч ирэв. Өрөөг өөрсдийн үйлдвэрлэсэн арьсан тавилгаар чимэглэж, ханандаа үйлдвэрлэсэн гуталнуудаа өрснийг харвал үнэхээр Монголд үйлдвэрлэсэн, Монголчууд хийсэн гутал ийм байдаг юм гэдгийг бардам илэрхийлэх мэт тэдгээр гуталнуудыг хараад үнэхээр монгол хүний ур, ухааныг бишэрч бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.
Үйлдвэрийг үүсгэн байгуулагч “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Түвдэнням гутлын загвар зохион бүтээгч дизайнер мэргэжилтэй.
Анх гутлын коллежыг төгсөөд гэрийнхээ тагтан дээрээс ажлын гараагаа эхлүүлж байсан Б.Түвдэнням захиралтай дүү Б.Эрдэнэ нь долдугаар ангиасаа л хамт ажиллаж, ахынхаа үнэн туслах нь болжээ.
Тэд гэрийнхээ тагтнаас байрны пудволь, пудволиосоо машины граж, гражаасаа түрээсийн өрөө, түүнээс жижиг үйлдвэр, жижиг үйлдвэрээсээ өдгөөгийн гурван давхар ажлын байртай болтлоо өргөжин тэлжээ.
15 жилийн хугацаанд тэдний амьдрал дардан байгаагүй ч амжилт, ялагдлаар дэнслүүлсээр өнөөдрийг хүрсэн байна.
Энэ бүгд нь гутлын салбарт чанартай, эдэлгээтэй гутал үйлдвэрлэж байсных бөгөөд итгэлтэй, чадварлаг ажилчдын хүч хөдөлмөр байсан гэдгийг ч үйлдвэрийн дарга Б.Эрдэнэ энэ үеэр онцолж байсан юм.
Тус үйлдвэр 50 гаруй ажилчинтай бөгөөд тэдний дунд үүсгэн байгуулах цагаас нь өнөөг хүртэл ажилласан хүмүүс нэлээд олон байдаг аж.
Б.Түвдэнням захирал оюутан байхдаа “Гоёл” наадамд өөрийн урласан гутлаараа оролцож, гутлын шилдэг “Авангард” шагналын эзэн болсон нь түүнд гутал үйлдвэрлэх, гуталчин болгох урам зоргийг өгч байжээ.
Өөрсдийн үйлдвэрлэсэн гутлаа Итали гутал гэж борлуулахаас өөр аргагүй байжээ
Б.Түвдэнням захирал анх чанартай шилдэг сайн гутал гэдэг утгаар нь өөрсдийн үйлдвэрлэсэн гутлаа “Бест шүес” гэж нэрлэсэн байна. Тухайн үед Монголд гутал үйлдвэрлэж байна гэхээр хүмүүс тийм ч сайнаар хүлээж авдаггүй байсан аж.
Учир нь иргэд Монгол гутал гэхээр гар хийцийн, чанар муутай гэх төсөөлөлтэй байсан нь “Бест шүес”-ийнхэний гутлаа борлуулахад ихэд нөлөөлжээ. Тодруулбал тэд өөрсдийн үйлдвэрлэсэн гутлаа зах дээр “Монгол гутал, Монголд үйлдвэрлэсэн бидний хийсэн гутал” хэмээн зарах гэхээр хүн авдаггүй байсан гэнэ.
Харин Итали гутал гэж хэлээд зарахаар ихээр сонирхож, “Үнэхээр Итали гутал байна” хэмээн худалдан авдаг байсан нь ч үнэхээр Итали гутал үйлдвэрлэж чадах юм байна гэсэн урам зоргийг өгч байсан гэдгийг үйлдвэрийн дарга бидэнд хуучилж байсан юм.
Түүнчлэн цаашид дэлхийн зах зээлд Монгол брэнд гутал гэдэг нэрийг цуурайтуулахын тулд үйлдвэрийн нэрийг ч Монгол нэрээр солих бодолтой байгаагаа ч биднээс нуугаагүй.
Үнээр бол өрсөлдөж болно чанарыг бол хэзээ ч алдагдуулж болохгүй гэдгийг тус үйлдвэр гол зарчмаа болгон ажилладаг байна.
Ингээд бид Үйлдвэрийн дарга Б.Эрдэнэ болон үйлдвэрийн ажилчидтай уулзаж ярилцсанаа сийрүүлье.
“Бест шүес” ХХК Үйлдвэрийн дарга Б.Эрдэнэ
-Та бүхэн өдөрт хичнээн гутал үйлдвэрлэж байна вэ?
-Манай конейверын систем нь олон улсын стандартын дамжлагаар гутлыг үйлдвэрлэдэг. Уг нь бол энэхүү системийнхээ хүчин чадлаар бол 700-800 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор ийм хэмжээний захиалга, борлуулалт байхгүй болохоор өдөрт 200-300 хос гутал л үйлдвэрлэж байна.
-Ер нь гутал үйлдвэрлэх түүхий эд материалаа хаанаас нийлүүлдэг юм бэ?
-Бид энэ жилээс ажлын гутлыг стандартын дагуу үйлдвэрлэж эхлэж байгаа. Тиймээс ажлын гутлынхаа бүх түүхий эд материалыг дотоодоосоо нийлүүлж байгаа. Мөн гоёлын гутлын дотрын арьсыг Монгол арьсаар хийдэг. Харин зарим гоёлын гутлын арьсыг гадаадаас авч ирдэг. Учир нь манай улсад орж ирж байгаа, дэлхийн гоёлын гутлын чиг хандлагыг тодорхойлж байгаа матрын арьсыг гадаадаас оруулж ирдэг.
-Монгол арьс үнэхээр гутал үйлдвэрлэхэд чанарын шаардлага хангаж байна уу?
-Бид дотоодын арьс боловсруулах үйлдвэрүүдтэй хамтарч ажиллаад нэлээд олон жил болж байгаа. Сүүлийн жилүүдэд арьс боловсруулах тал дээр сайжирч байгаа.
-Захиалагч ер нь хэр их байна вэ. Үнийн хувьд ямар байдаг юм вэ?
-Сүүлийн нэг жил захиалга, борлуулалт жаахан буурсан. Энэ нь нөгөө эдийн засгийн хямралтай холбоотой байх. Гэхдээ улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотойгоор хромны захиалга нэлээд ирж байна. Харин үнийн хувьд бид үйлдвэрийн болон материалын, урсгал зардлаа нэмээд л аль болохоор боломжийн тогтоож өгөхийг хичээдэг. Гэхдээ манай гуталтай ижил түвшний чанартай гутал бидний тогтоосон үнээс хэд дахин илүү үнэтэй байдаг.
-Та бүхэн өөрсдийн үйлвэрлэсэн гутландаа баталгаа өгч чадах уу. Ер нь баталгаа өгдөг үү?
-Бид үйлдвэрээс гарсан гутландаа 6 сарын баталгаа өгдөг. Энэ хугацаанд үйлдвэрээс гарсан ямар нэгэн гэмтэл, доголдол байх юм бол энэ хугацаандаа засч, сольж өгдөг. Харин энэ үүнээс хойш бол манай гутал хамгийн багадаа 2 жилийн эдэлгээ даах чанартай.
-Та бүхэн дотоодынхоо гутлын зах зээлийн хэдэн хувийг эзлэх боломжтой гэж бодож байна вэ?
-Манай гутал үйлдвэрлэдэг компаниуд дотоодынхоо гутлын зах зээлийн 15 хүрэхгүй хувийг эзэлдэг гэсэн тоон судалгаа байдаг юм билээ. Харин бид үйлдвэрийнхээ бүх хүчин чадлаар гутлаа үйлдвэрлэвэл Монгол Улсынхаа гутлын жилийн 15-20 хувийг дангаараа хангах боломжтой. Харин энэ зах зээлийг манай хэрэглэгч нар л бидэнд олгох байх даа.
-Иргэдийн дунд дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өртөг бага байх ёстой гэсэн ойлголт байдаг. Ер нь манай зах зээлийг эзлээд байгаа гутлуудын өртөгтэй ойролцоо үнэтэй гутал үйлдвэрлэх боломж хэр байдаг вэ?
-Бидний тогтвортой үйл ажиллагаагаа явуулах, оршин тогтнох гол зүйл нь мэдээж гутлын чанар гэж ойлгодог. Харин үнийг хямдруулах гэхээр чанар муудах гээд байх тал байдаг. Гэхдээ манай үйлдвэр Чингис бондоос санхүүжилт авч байгуулсан конейверын систем маань гутлыг олноор үйлдвэрлэх боломжтойгоороо давуу талтай. Тиймээс бид хүний эрүүл ахуйд тохирсон чанартай гутлыг боломжийн үнэтэйгээр олноор үйлдвэрлэж эхлээд байгаа. Энэ маань ч хэрэглэгч нарт таалагдана гэж бодож байна.
-Өмнөх ажлын байраа хэрхэн байгуулж, босгож байсан юм бэ. Ямар нэгэн зээлд хамрагдаж байсан уу?
-Бид чинь угаасаа тийм их хөрөнгө мөнгөгүй байсан болохоор хийсэн гутлынхаа ашигаар л амьдардаг байсан. Харин манай гутлыг чанартай гэдгийг мэдсэн хэрэглэгч нар байнга үйлчилүүлдэг. Тэдний нэг нь “Хас” банкны захирал Ганхуягийн гэргий байсан юм. Тэрбээр манай гутлыг үйлдвэрийг өргөжүүлэх санааг ихээр дэмжиж бид “Хас” банкнаас зээл авч чадсан. Ингэж л тэр үйлдвэрээ байгуулж байсан даа.
-Тэгвэл Чингис бондоос зээл авах санааг хэрхэн олсон юм бэ. Энэ мөнгө бас л их шалгуур туулж байж ирсэн байх даа?
-Бид үйлдвэрлэсэн гутлаа дэлхийн зах зээлд нийлүүлж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн гутал үйлдвэрлэхийн тулд томоохон хэмжээний ажлын байр хэрэгтэй байсан. Энэ талаараа нэлээд олон төсөл хөтөлбөрт хамрагдахаар төсөл бичсэн.
Харин тэр үед төр засгаас импортын бараа бүтээгдэхүүнийг орлох жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл батлагдаж бид ч тэнд хандаж зээлд хамрагдаж чадсан.
-Та бүхэнд энэ төсөлд хамрагдснаар ямар ямар давуу тал олдсон бэ?
-Энэ төсөл үнэхээр цаг үеэ олсон төсөл болж чадсан гэж бодож байна. Бид өмнө нь өдөрт 25-30 ширхэг гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй байсан. Одоо бол үүнээс хэд дахин илүү гутал үйлдвэрлэж байна. Энэ нь ч мэдээж гутлын өртөгт нөлөөлж байгаа. Мөн ажлын байр нэмэгдэж, стандартын шаардлага хангасан гутлаа гадаад руу экспортлох боломж бүрдсэн гээд Чингис бондоос санхүүжилт авсан хөрөнгө манай үйлдвэрийн амьдралд их тус болсон шүү.
-Уучлаарай. Асуулгүй өнгөрч чадахгүй нь. Танайхыг анх энэ зээлд хамрагдаж байх үед нэлээд шүүмжлэл гарч байсан санагдана?
-Тийм ээ. Тухайн үед зээлээ авч үйлдвэрийнхээ үүд хаалгыг нээж байхад зарим хүмүүс манай үйлдвэрийг гадны хөрөнгө оруулалттай, цаашид үйлдвэрлэл явуулахгүй газар зээл олгочихлоо гэх зэргээр нэлээд шүүмжилж байсан. Гэхдээ одоо бол цаг хугацаа бүхнийг харуулж байна гэж бодож байна.
-Танай үйлдвэр дотоодын болон дэлхийн зах зээлд ямар түвшинд байна гэж та бүхэн үздэг вэ?
-Манай үйлдвэр дотоодын гоёлын гутлын үйлдвэрээс нэг номер гэж би бардам хэлэх дуртай. Ер нь гоёлын гутлын чиг хандлагыг бид тодорхойлж байгаа нь нууц биш. Харин дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа эзлэхийн төлөө ажиллаж байна. Удахгүй Монгол гутал Итали гутал гэдэг шиг нэр хүндтэй болох цаг ирэх байх гэж найдаж, үүнийхээ төлөө л ажиллаж байна даа.
Ш.Сосорбарам гүйцэтгэлийн мастер
-Та энэ үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна вэ. Ямар ажил хийдэг вэ?
-Би 2008 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл энэ үйлдвэрт ажиллаж байна. Анх гуталчинаар ажилд орж байсан. Харин энэ ажилдаа мэргэшээд гурван жилийн өмнөөс гүйцэтгэлийн мастер хийж байгаа.
-Та гутал үйлдвэрлэлийн чиглэлээр сургууль төгссөн үү эсвэл ажиллаж байгаад сурав уу?
-Би энэ чиглэлээр ямар нэгэн сургууль төгсөөгүй ээ. Харин гутал хийж сурах хувийн сонирхолдоо хөтлөгдөөд энэ үйлдвэрт орж ажилласан. Тэгээд л бүхнийг сурсан даа.
-Танай үйлдвэр үнэхээр тохилог юм аа?
-Тийм шүү. Бид шинэ үйлдвэртэй болоод үнэхээр сэтгэл хангалуун ажиллаж байна. Ийм орчинд ажиллах нь ажил хийх урам зоригийг өгдөг шүү.
-Хийсэн гутлаа хэн нэгэн хүн өмсөөд алхаж байхыг харах бас сайн л байдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Гуталчин хүний мэргэжлийн онцлог юм уу даа. Бид байнга л хүний гутал руу харчихаад байдаг. Тэгээд манай үйлдвэрийн гутал байвал үнэхээр сайхан санагддаг шүү.
Ж.Янжиндулам цүнхний мастер
-Таныг энэ үйлдвэрт нэлээд олон жил ажиллаж байгаа гэж сонслоо. Та бүхэн цүнхнийхээ загварыг хэрхэн гаргадаг талаараа сонирхуулаач?
-Би энэ байгууллагад тасралтгүй 9 жил ажиллаж байна. Би анх гуталчинаар ажилд орж байсан. Харин одоо цүнхний мастер хийж байгаа. Бид цүнхнийхээ загварыг хамт олноороо ярилцаж байгаад гаргадаг. Манай цүнх, арьсан жижиг эдлэлүүд зах зээлд эрэлт ихтэй байдаг шүү.
-Энэ олон жил тасралтгүй ажиллахад танд юу нөлөөлөв?
-Манай удирдлага, хамт олны уур амьсгал, байгууллагаас ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа зэрэг нь их нөлөөлсөн гэж бодож байна.
-Тухайлбал ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Компанийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал их хандуулдаг. Манай компани хуучин ажлын байраа ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэг болгосон. Тэнд хүүхдүүд чанартай хоол идэж, чанартай боловсрол эзэмшиж байна. Бас төрөл бүрийн зээл туслажинд хамрагдах боломжийг нээж өгдөг.
-Хэрэглэгч нартаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үз тэгээд л чанарыг нь мэдрэх болно л гэж хэлмээр байна даа.
Бидэнтэй ярилцсан та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Б.Батчимэг
Эерэгээр холбоотой байя 24tsag.mn
Сэтгэгдэл (22)