Малайз улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай манай сайт шуурхай мэдээлсэн. Тодруулбал, өчигдөр орой 17:45 цагийн орчимд Селангор мужийн Пералинг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт энэ хэрэг болсон юм.
Гэрчүүдийн мэдээлснээр буутай хоёр халдагч этгээд мотоциклиосоо 4WD дамжуулалттай жийп машин луу зогсолтгүй гал нээж эхэлжээ. Халдагчдын онилж буудсан машин дотор монгол эмэгтэй байсан бөгөөд цээж мөрөндөө 4 удаа буудуулсан байна.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Н.Батаагаас тодруулахад “Сошиал ертөнцөөр Малайзад Монгол Улсын нэг иргэн буудуулсан мэдээлэл байгаа. Энэ бол өчигдөр 17:45 цагт болсон явдал. Малайзад манай консул болон дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Бид Тайландаас Малайзын гадаад хэргийн яам болон цагдаагийн интерполийн шугамаар хэн гэдэг эмэгтэй, хэдэн настай, сурч байсан юм уу, бизнесийн ажлаар явж байсан уу эсвэл бүр байнга оршин сууж байсан үгүйг тодруулахаар ажиллаж байгаа. Албан ёсны мэдээллийг авахад цаг хугацаа шаардагдаж байна. Тодорхой мэдээлэл ирвэл хэлнэ” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/