Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS вирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа талаар БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Ингэснээр Өмнөд Солонгосын 145 хүн тус коронавирусийн халдвар авч, 14 хүн амиа алдаад байсан юм. Мөн БНСУ-д очоод байсан монгол иргэн энэ вирусаар амиа алдлаа гэх мэдээлэл ч гарсан. Тэгвэл энэ талаар ГХЯ албан ёсны мэдээлэл хийлээ.
ГХЯ-наас "Өнөөдрийн авсан мэдээгээр 150 иргэн халдвар авсанаас 16 иргэн нас бараад байна. 16 иргэний 50 хувь нь 50-аас доош насны, хоёр иргэн бол ямар нэгэн суурь өвчингүй нас барсан байгаа. Энэ хоёр иргэний үхэл эмнэлийн байгууллагынхны анхаарлыг ихэд татаад байгааг бидэнд мэдээлсэн. Одоогоор Монгол Улсын иргэдээс энэ вирусээр халдварласан, нас барсан тохиолдол байхгүй. Өчигдрийн хувьд манай нэг иргэн нас барсан. Гэхдээ халдвараас биш, элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд яваад донороо хүлээх явцдаа уушигны хурц хэлбэрийн өвчнөөр нас барлаа гэх мэдээлэл ирсэн. Бил холбогдох эмнэлгээс нь шалгуулахад вирусээр гэсэн мэдээлэл байхгүй байгаа юм. Солонгост цэргийн ангиудыг хөл хорионоос нь цуцалсан. Цэргийн ангиуд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сургууль цэцэрлэгийн тал хагас нь түр хаагдсан байсан бол хэвийн ажиллагаагаа эхлүүлээд байгаа" гэв.
Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕRS вирус нь анх 2012 онд Саудын Арабад илэрсэн. Түүнээс хойш Йемен, Арабын Нэгдсэн Эмират улс, Франц, Герман, Итали, Грек, Тунис, Египет, Малайз зэрэг дэлхийн 23 улс орны 1100 гаруй хүн корона вирусийн халдвар авсан, 400 гаруй хүн амиа алдсан гэж бүртгэгдсэн байна. Тус вирусийн халдвар авсан хүнд халуурах, ханиах, уушгины хатгалгаа гэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
Корона вирус нь ханиадтай адил агаараар дамжин халдварладаг. Халдвар авсан хүний нас баралт 40 хувьтай гэж эмч нар мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)