Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, салбарынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчилдаг уламжлалтай.
Энэ сарын 7-14-ний өдрүүдэд Хууль зүйн яам, түүний харьяа агентлагуудын дунд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийг энэ жил нийслэлийн дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд Баянзүрх дүүргээс эхэлж байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Хууль зүйн яамны мэргэжилтнүүд болон дүүргийн удирдлагууд үг хэлж, харьяа агентлаг, газрын дарга нар иргэдэд үзүүлж буй үйлчилгээг танилцуулснаар арга хэмжээ эхэлсэн юм. Энэ өдөр агентлагууд чиг үүргийнхээ дагуу хийж буй ажил, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд шуурхай мэдээлэл өгөхөөс гадна зарим үйлчилгээнүүдийг газар дээр нь шуурхай үзүүлж байна.
Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газраас хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгож, байгууллагынхаа түүхэн танилцуулгыг хийж, гэрээт хилчний алба, байгууллагын хүний нөөцийн бүртгэлтэй холбоотой зарим үйлчилгээг нэг цэгээс шуурхай үзүүлж байна.