
Өнөөдөр 12 цагт БОАЖЯ-ны хурлын танхимд “Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. Мэдээллийг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт болон холбогдох албны мэргэжилтнүүд хийх аж.
Эрдэм шинжилгээний хурлын нээлт болно
“Дэлхийн түвшинд хүрсэн их сургууль байгуулах санаачилга-2012” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт өнөөдөр ШУТИС-д болно.
Гурван өдөр үргэлжлэх уг хуралд ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Тайван, Польш, Япон, Франц зэрэг орны их сургууль, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох аж.
Архивынхан үнэ төлбөргүй үйчилнэ
Нийслэлийн Архивын газар маргааш “Ажлаа сурталчлах өдөр”-ийг зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Архивын газраар үйлчлүүлэхээр ирсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд лавлагаа, мэдээллээр үнэ төлбөргүй үйлчлэх аж.
“Хайрын бурхан” нарны өмнүүр явж байна
Сугар буюу “хайрын бурхан”-ы нэр бүхий Венера гариг яг одоо нарны өмнүүр явж байна. Улаанбаатарын цагаар өглөө 07.00 цагаас эхэлсэн энэ үзэгдэл өдрийн 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. “Үдшийн гялаан, үүрийн цолмон” хэмээх Сугар гариг нарны өмнүүр орохоороо наран дээр өчүүхэн хар цэг болон харагдах аж.
Ийнхүү өнөөдөр зуунд ганц тохиох “Хайрын бурхан” нарны наагуур явж өнгөрөх үзэгдэл болж байгаа ба дараагийн удаа 2117 оны арванхоёрдугаар сарын 11-нд Сугар гариг, нар хоёр давхцан харагдах магадлалтай хэмээн эрдэмтэд тооцоолжээ.