УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой ярилцлаа. Тэрбээр УИХ-ын энэ удаагийн сонгуульд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж буй.

-Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 14 хувьд нь тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Энэ 14 хувь нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон, үйл ажиллагаа явуулж буй талбай юм. Үлдсэн 86 хувьд нь дээрх шийдвэрийг гаргаснаар ямар нэг байдлаар тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар боллоо.
-Дээрх шийдвэрийг яг энэ цаг үед гаргах ямар зайлшгүй шалтгаан байсан бэ?
-Яагаад гэвэл одоогоор олгочихоод байгаа 14 хувийн 0.3 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл, тэр тусмаа ашиглалтын зөвшөөрөл дотроо яг ашиглаж байгаа, өөрөөр хэлбэл ухаж, олборлож байгаа газар нутаг гэвэл 0.1 хувьд ч хүрэхээргүй хэмжээтэй байдаг юм. Тэгэхээр Монголын нийт эдийн засгийн 30 орчим хувийг, экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байгаа, “Хүний хөгжил сан”-аар дамжуулан иргэдэд 21 мянга, 500 мянга, нэг сая төгрөг хүртээх санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож буй уул уурхайн салбар маань нийт газар нутгийн ердөө 0.1 хувийг л ашиглаж явуулж байна гэсэн үг. Үлдсэн 13.7 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнээс гадна тусгай хамгаалалттай болон дархан цаазат газар, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрууд бий. Цэргийн объектийн зориулалтаар хамгаалалтад авсан, стратегийн томоохон төслүүдийн дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх газар нутгууд гэж бий. Энэ бүх газруудын талбайг хасахаар цаана нь 30-аад хувь үлдээд байсан юм. Үүнийг нь Засгийн газар нөөцөд аваад, цаашид ойрын таван жилд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Одоо нөөцөд авсан тэрхүү газар нутаг дээрээ геологийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийнэ. Ингэснээр газрын дор ямар илэрц байна, юу байж болох магадлалтай вэ гэдгийг тогтоосны дараа хайгуул хийх эсэх, тухайн орд газрыг нөөцөөс гаргах тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэж шийдвэрлэнэ.
-Ингэснээр “Тусгай зөвшөөрөл замбараагүй олгож байна, наймааны хэрэгсэл боллоо” гэх шүүмжлэл багасна. Энэ шүүмжлэлийн мөрөөр арга хэмжээ авч байна гэж ойлгож болох уу?
-Нийт газар нутгийн 44.5 хувьд олгочихоод байсан тусгай зөвшөөрлийг 14 хувьд хүргэлээ. Ирэх таван жилд тусгай зөвшөөрөл олгохгүй гэдэг шийдвэрийг гаргалаа.Энэ бол эхний алхам. Дараагийн алхам нь “Тусгай зөвшөөрлийг хэн нэгэн сайд, агентлагийн, хэлтсийн дарга, албан тушаалтан өгөөд байна. Үүнд төрийн бодлого алга” гэж иргэд шүүмжилдэг. Тэгвэл одоо нэгдсэн журмаар геологийн болон эрдэм шинжилгээний ажил хийнэ. Илэрц байвал хайгуул хийх шийдвэрийг Засгийн гаргана” гэсэн ийм эмх цэгцэнд орууллаа. Ер нь дээрх 14 хувьд хүргэсэн тусгай зөвшөөрөлтэй газар нутгийн хувь хэмжээг дахин хумих бодлого баримтална. Одоогоор хайгуул хийж буй аж ахуйн нэгж ашиглахгүй байгаа зарим талбайгаа буцааж өгч байна. Зарим нь тайлан тооцоогоо хугацаанд нь өгөхгүй байгаа учраас талбайг нь хурааж авна. Ийм гурван чухал асуултад дээрх шийдвэр хариулт өглөө.
-Засгийн газрын дээрх шийдвэр хэр баталгаатай юм бэ. Дараагийн Засгийн газар өөрчилчихвөл яах вэ. Эсвэл үүнийг хуульчлах ёстой юу?
-Энэ бол баталгаатай шийдвэр. Үүнийг гаргахын тулд хоёр жилийн турш судалж, зураг төслийг нь хийж, хөөцөлдсөн. Цаашид дээрх шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Дараагийн шатанд бид өмнө нь дотоод гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийнхний хөрөнгөөр геологийн судалгааны ажлыг цаашид төсвийн хөрөнгөөр судалгаа шинжилгээ хийх болгох талаар тодорхой алхам хийнэ. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын хуулийг шинэчлэх шаардлагатай. Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран энэ талаар ажиллаж байгаа. УИХ-д өргөн барьж хараахан амжаагүй байна. Уг хуулийн төслийг хэлэлцэхдээ энэ шийдвэрээ хэрхэх тухай бас ярилцах хэрэгтэй болно.
-Энэ шийдвэрийг гаргаснаар иргэд, аж ахуйн нэгж хохирох сөрөг үр дагавар үүсэх юм биш биз?
-Үгүй. Дахин хэлэхэд одоогоор лиценз эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашиг огт хөндөгдөхгүй. Харин урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжилтийн хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэнтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудал яригдана.
-Өнөөдөр иргэний нийгмийн байгууллага, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ, жирийн иргэдийн зүгээс “Монгол Улсын нийт газар нутгийг тэр чигээр нь тусгай зөвшөөрөл олгоод, ухаж төнхөж байна” гэж ярьдаг. Гэтэл ашиглаж, хайгуул хийж байгаа хувь нь чухам хэд вэ гэдгийг та ярилаа. Түүнчлэн Оюутолгойн 34 хувийг Монголын Засгийн газрын эзэмшилд байхаар гэрээнд тусгасан. Гэтэл бодит ашиг нь 55-аас дээш хувь гэсэн тооцоог Сангийн сайд асан С.Баярцогт ярьж байсан. Яагаад энэ тухай иргэдэд үнэн бодит мэдээллийг цаг тухайн үед нь өгч болдоггүй юм бэ?
-Бидний хувьд дутуу тайлбарладаг алдаа бий байх. Тухайлбал 2006 онд баталсан Ашигт малтмалын хуулийн дагуу талбай том байх тусам төлбөр их төлдөг болсон. Тиймээс хүмүүс төлбөрөө багасгахын тулд талбайгаа буцааж өгч байна. Мөн уг хуульд геологи хайгуулын ажлын доод хэмжээг заасан. Үүнтэй холбоотойгоор, эсвэл тайлангаа буруу хийсэн аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш лицензит талбайн хэмжээ гурав дахин буурч 14 хувь боллоо. Үүнийг хэн ч шалгаж үзэж болно. Бүх мэдээлэл нээлттэй.
-Дээрх 14 хувь гэдэгт чухам ямар тусгай зөвшөөрөл байдаг юм бэ?
-Үүний 13.7 хувьд нь хайгуулийн, 0.3 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг. Хүн бүхний сайн мэдэх “Эрдэнэс Тавантолгой”-оор жишээ татъя.Тус компани 70 мянган га шахам ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай. Гэтэл яг олборлолт хийх уурхайн газар нутаг нь 300 кв.м орчим байх жишээтэй. Оюутолгойн гэрээний тухайд хуульд Монголын Засгийн газрын эзэмшил 34 хувьтай байхаар заасан. УИХ-ын тогтоолоор 50 хүртэл хувийг байхаар болгож нэмэгдүүлсэн. Тиймээс бид хуулийн дагуу 34 хувийг эзэмшиж байгаа болохоос төслийн эдийн засгийн үр ашгийн хувьд 55-аас доошгүй хувийг эзэмшиж байгаа гэж хэлж болно.
-Яаж гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Жишээ нь бүх төрлийн татвар, нөөц ашигласны төлбөр, гэнэтийн ашиг олбол өсөн нэмэгдэх роялти, дээр нь 34 хувийн ашгаа авч байгаа. Энэ бүхнийг нарийн тооцвол 55-аас дээш хувийн ашигтай гэрээ хийсэн. Ер нь Монголд хэрэгтэй сайн төсөл хэрэгжиж байна гэхээсээ илүү гэрээнд гарын үсэг зурсан сайд нарыг чичлэх, энэ Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хийсэнд нь эгдүүцэн буруутгах байдал ажиглагддаг. Мэдээж хар, цагааны дэнсийг олж бидний ажлыг бодитойгоор шүүмжлэхийг бол хүлээж авалгүй яах вэ.
-Таны хувьд улс төрд орж ирэнгүүтээ УИХ-ын гишүүн, дараа нь Монголын анхны Эрдэс баялаг, эрчим хүчний яам байгуулагдахад сайдаар томилогдон ажилласан. Мөн сайдын ажлыг аваад төд удалгүй Оюутолгойн гэрээг байгуулсан “гол баатар” болсон. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн дөрвөн жилд огцруулах асуудлыг нь хамгийн олон удаа хөндөж тавихад суудалдаа тогтож үлдсэн гээд богино хугацаанд сонирхолтой фигуруудын нэг боллоо. Анхны парламент, анхны сайдын суудал, өнгөрсөн дөрвөн жилийн түүх танд юу үлдээв?
-Сүрхий хатуужих нь ч юу юм бэ. Гэхдээ тодорхой хэмжээгээр туршлага, хатуужиж, хашир сууж байх шиг байна. Оюутолгойн гэрээ болон бусад ажлын хувьд энэ бол зөвхөн миний ажил биш. Уул уурхайн салбарт ажиллаж буй 50 мянган хүн, эрчим хүчний салбарт ажиллаж буй 20 орчим мянган хүний ажил. Мөн энэ салбарын түүхийг бичилцсэн ахмадуудын ажлын үргэлжлэл. Нэгэнт ачааг нь үүрэлцсэний хувьд хэл амнаас айж ухрах бус ажил нь өөдрөг үргэлжлээсэй л гэж хүсэж байна. Ингэж хийвэл огцруулах болов уу, тэгж хэлбэл яах бол гэж айж ажиллабал ажил явахгүй шүү дээ.
-Монголын түүхэнд тэмдэглэгдэх асар том гэрээн дээр шийдвэрлэх гарын үсэг зурахын өмнө, түүний дараа гурван сайд юу ярилцаж байсан бол гэдэг сонин байна. Тухайн үед олон нийтийн сэтгэл зүй, нийгмийн уур амьсгал амаргүй байсан. Уг гэрээнд гарын үсэг зурж үлдээнэ гэдэг маш том хариуцлага. Та гурав ч залуу сайд нарын хувьд эмээх, эргэлзэх, эсвэл эрдэж зориглох гээд олон зүйл бодогдож байсан байх?
-Нэгэнт гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцлагаа хүлээнэ гэдгээ байнга хэлж байгаа. Зөв зүйл хийсэн гэдэгтээ итгэлтэй байна. Үр дүн нь өнөөдөр ч мэдрэгдээд эхэлчихсэн. Ганцхан жилийн дотор Монголын эдийн засгийн 17.3 хувиар өслөө. Дэлхий даяар эдийн засгийн хямрал болж, Европын зарим орны төр засаг иргэдийнхээ цалин, тэтгэврийг хасаж байхад Монгол Улс цалин, тэтгэврээ нэмж байна. Энэ бол зөвхөн бидний гавьяа гэх гээгүй юм шүү . Гэхдээ хариуцлагын тухайд нэмж хэлэхэд Засгийн газар УИХ-аас зөвшөөрөл авсан. УИХ тогтоол гаргаж баталсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Одоо хэдийгээр зарим хүн шүүмжилж байгаа ч энэ бол хамтын шийдвэр байсан. Бодвол нууцын зэрэглэлтэй байдаг байх. Түүнээс биш тэр шийдвэрүүд бүгд баримт болон хадгалагдаж байгаа.
-Таны хариуцаж буй салбар манай улсын хөгжлийн гол судсыг атгаж буй эрчим хүч, шатахуунтай холбоотой асуудлаар байнга хэл ам дагуулж байдгаараа онцлогтой. Өнгөрсөн дөрвөн жилд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт бүтээн байгуулалтын, сэргээгдэх эрчим хүчийг бий болгох талаар бусад улс оронтой хамтран ажиллах гээд олон шинэ бөгөөд чухал ажлыг эхэлсэн. Цаашид ямар чухал ажлыг хийхээр төлөвлөв. Гүйцээж хийж амжаагүйдээ харамсаж байгаа ямар ажлууд байна вэ?
-Дөрвөн жил гэдэг урт хугацаа мэт боловч томоохон ажлыг эхлээд хийгээд явахад хоногийн 24 цаг ч багадах үе байдаг юм байна. Тиймээс гүйцээж амжаагүй ажил олон бий. Эрчим хүчний салбарын хувьд анхнаасаа хоёр зүйлд голлон анхаарсан. Юуны өмнө эрчим хүчний салбарын эдийн засгийн эрүүл мэндийн байдал санаа зовоож байсан. Эрчим хүчний салбарыг хүнтэй зүйрлэвэл тун “сульдаатай” байна. Өнгөрсөн түүхийг нь эргэн харахад хууль эрх зүйн орчныг нь сайжруулах талаар өөрчлөлт хийсэн ч, үнэ тарифийг нь нэмэгдүүлж чадахгүй явсаар ирсэн. Засгийн газар энэ талаар онцгой анхаарч үнэ тарифыг нь тодорхой хувиар нэмэгдүүлж, улсын төсвөөс дэмжлэг үзүүллээ. Одоо системийн хувьд сэргэж эхэлж байна. Жишээ нь тавдугаар цахилгаан станцын тухай 20 жил ярьсан боловч улсаас барьж байгуулах гэхээр хөрөнгөгүй, эдийн засгийн үр ашиг бага учраас хувийн хэвшлийнхэн сонирхдоггүй байсан. Харин одоо хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хийхээр болж ТӨХ-өөс энэ сард багтаан тодорхой шийдвэрт хүрэх төлөвтэй байна. Энэ бол сайн хэрэг.
-Газрын тосын үйлдвэрийн тухайд та сайд байх хугацаандаа яг ямар ажил хийж амжсан бэ?
-Газрын тосны үйлдвэр, говийн бүсийг эрчим хүчээр хангах зэрэг зөвхөн ярьдаг байсан ажлуудыг бодитойгоор эхэлсэн. Оюутолгойг эрчим хүчээр хангах ТЭЗҮ-ийг саяхан баталж энэ ондоо багтаан ажлыг нь эхлэхээр болсон зэрэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа. Мөн амжаагүй хэд хэдэн ажил байна. Тухайлбал Даланзадгадын болон Ховд, Увс аймгийн дулааны цахилгаан станцуудын ажлыг эхлэхэд саад бэрхшээл тулгарсаар байна. Ялангуяа Даланзадгадын хувьд эхнээсээ техник, технологи нь буруу, манайхан үйл ажиллагааны доголдолтой үйлдвэрийг хүлээж авснаас болоод ажил урагшлахгүй байгаа юм. Удирдлагыг нь ч сольж үзлээ. Ахиц гардаггүй. Газрын тосны салбарт ч чамлахааргүй амжилт олсон. Ерээд оны эхээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат газрын тосны дээжээр дээлээ мялаасан тэр цагаас хойш ярьсаар байгаад өнгөрсөн 2010 онд нөөцөө тогтоолоо. Хэдийгээр багахан хэмжээний нөөцтэй боловч түүндээ тохирсон жижиг хэмжээний олборлох үйлдвэр байгуулъя гэдэг асуудлыг Засгийн газар шийдсэн. Миний харамсаж байгаа зүйл гэвэл одоо дөнгөж барилгын ажил нь эхэлж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж ажлыг нь яаралтай эхлүүлэх нь зүйтэй гэж үзээд ТӨХ-нд үүрэг өгсөн.
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурч байна. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газарт энэ сард ирүүлэх үнийн саналаа хямдруулаач гэсэн хүсэлтийг танай яамнаас тавьсан юм билээ. Өнгөрсөн хугацаанд та шаардлагатай тохиолдолд БНХАУ, БНСУ-аас шатахуун авах хэлэлцээр хийж байсан. Ер нь цаашид шатахууны хувьд зөвхөн ОХУ-аас хамаарахгүй байх ямар боломж байна вэ?
-Газрын тосны экспортын үнэ харьцангуй тогтвортой байна. Сүүлийн 2-3 сард харьцангуй буурч байгаа. Төгрөгийн ханш чангарч байна. Өнгөрсөн нэгдүгээр сард шатахууны үнэ гэнэт өссөн. Түүний өмнөх үеийнхээс ч илүү буурч байгаа нь сайн хэрэг. Бидний хувьд гол нь тогтвортой байдал чухал. Огцом үнийн өсөлтөөс болгоомжилж байна. Цаашид ОХУ-аас гадна БНСУ, БНХАУ-аас шатахуун импортолж болно. Гэхдээ БНСУ, БНХАУ-аас авч буй шатахууны үнэ харьцангуй өндөр байгаа юм. Тиймээс бид аль болох ОХУ болон бусад хөршөөс импортлох аргыг нарийн тооцоо, судалгаатай хийх хэрэгтэй. Бид түүхэндээ анх удаа шатахуун нөөцлөх менежментдээ анхаарч, 20 орчим тэрбум төгрөгийн агуулах барихаар хөрөнгө зарцуулж эхэллээ. Нөөцтэй байх нь үнийн огцом өсөлтөөс сэргийлэх хамгийн сайн арга юм.
-Хийсэн болон хийх ажил арвин байгаа юм байна. Ялангуяа яг энэ мөчид хийгээгүй үлдсэн ямар ажилдаа илүүтэй санаа зовниж, заавал гүйцээхсэн гэж бодож байна вэ?
-Газрын тосны үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт л сэтгэл хоргодож байна даа. Дэлхийн эрчим хүчний салбарт хувьсгал болж байна. Энэ бол хувьсал биш. Тухайлбал шатдаг занараас хий гаргадаг энэ үйлдвэрлэл огцом идэвхжиж байна. Дэлхийн байгалийн хийн худалдааны гуравны нэг хэсэг нь шатдаг занараас гаргаж авдаг энэ технологитой холбоотой болчихлоо. АНУ-д энэ бизнес маш их хөгжиж байна. Тус улс нийт цахилгаан станцуудынхаа 58 хувьд шатдаг занараас хий гаргаж авдаг технологийг нэвтрүүллээ. АНУ, Канадтай хамтарч дэлхийн хэмжээний байгалийн хийн томоохон экспортлогч болохоо зарласан. Өмнө нь ОХУ Европыг, Катар АНУ-ыг байгалийн хийгээр хангадаг байсан бол энэ чиг хандлага өөрчлөгдлөө. Манай улсын хувьд үүнээс хоцорч болохгүй. БНХАУ яг хилийн цаана шатдаг занарын асар том орд нээж түүнийгээ ашиглахаа зарлачихлаа. Манайд ч гэсэн 1950 оноос хойш тогтоосон үлэмж хэмжээний нөөц бий. Тухайн үед эдийн засгийн үр ашиг багатай байсан учраас үүнийг нэг их тоож байгаагүй юм билээ. Одоо энэ нөөц чухал болоод байна. Дараагийн асуудал нь сэргээгдэх эрчим хүчээ ашиглах явдал. Дэлхийн гурав дахь том эдийн засаг гэгддэг Япон улсын эрчим хүчний нөөцөөс манай улсын нар, салхины эрчим хүчний нөөц 12 дахин их байгаа юм. Үүнийг бид ашиглаж Япон, БНСУ-д нөөцөлж болно. Ерөнхий сайдыг өнгөрсөн гуравдугаар сард Японд айлчлах үеэр бид санамж бичиг байгуулж хэвийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж яриа хэлэлцээрт нь оролцоод ирсэн. Энэ бол холын мөрөөдөл биш. Ойрын арван жилийн дотор манай хөгжил, улс орны эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирэх том хөшүүрэг энд бий гэж би боддог юм. Тиймээс би таны асуултад хариулахад сэргээгдэх эрчим хүч, газрын тосны үйлдвэрлэл хоёртоо л сэтгэл хоргодож байна даа.