НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага дэлхийн аялал жуулчлалын хэм хэмжээг тоон хэмжигдэхүүнээр илэрхийлжээ. Өнгөрөгч 2015 онд дэлхий дээр 1,2 тэрбум хүн гадны улс орон руу дор хаяж 1 хоног аялахаар явсан гэсэн тооцоог гаргасан байна. Энэ нь өмнө жилүүдийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 2014 онд хийсэн судалгаанаас 2015 оны судалгааны дүн 4,4 хувиар буюу 50 сая хүнээр өссөн байна. Сүүлийн 6 жилийн хугацаанд аялагч жуулчдын тоо тасралтгүй нэмэгджээ. Энэ нь дэлхийн олон оронд ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг сайжруулах хүчин зүйл болж байгаа юм.
2015 онд дэлхий дээр 1,2 тэрбум хүн гадны улс орон руу дор хаяж 1 хоног аялахаар явсан гэсэн тооцоог гаргасан байна
Мөн бүсчлэн авч үзвэл Европ, Америк, Ази, Номхон далайн орнуудад аялахаар ирдэг жуулчдын тоо өнгөрөгч онд 5 хувиар өссөн байна. Европын мөнгөн тэмдэгт еврогийн АНУ-ын доллартай харьцах ханш суларснаар 2015 онд жуулчдын тоо өмнөх оныхоос 29 саяар нэмэгдэж 609 сая болжээ. Ази, Номхон далайд олон улсын аялагч жуулчдын тоо 13 саяар нэмэгдэж 277 саяд хүрсэн байна. Харин Америкийг зорьсон жуулчдын тоо арай бага буюу 9 саяар нэмэгдэж 191 сая болжээ. Карибын тэнгисийн орнууд, Төв Америкт жуулчдын тоо 7 хувиар өссөн байна.
Зэвсэгт мөргөлдөөн, үймээн самуунтай ч Ойрхи Дорнодод ч мөн аялал жуулчлалын салбар бууралттай бус харин өсөлттэй гарчээ. Ойрхи Дорнодод өмнөх жилийнхээс 3 хувиар их жуулчин ирсэн байна. Гэхдээ Африкийг зорих жуулчид 2015 онд 3 хувиар буурчээ.
Хөрөнгийн биржийн ханшийн хэлбэлзэл, газрын тосны үнэ хямдарсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг нь импортлогч орнуудад чөлөөт орлогыг нэмэгдүүлж байгаа ч экспортлогч орнуудын хувьд эрэлт хэрэгцээг бууруулсан гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас тодорхойлсон юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/