2015 онд шинэ цахилгаан станц ашиглалтанд орно

Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах тендер дуусач, компаниуд тодорлоо. 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг цахилгаан станцыг Францын “GDF Suez"-ийн охин компани “International Power” болон Солонгосын “Поско Энержи”, Японы “Сожиц”, мөн “Ньюком” зэрэг компани хамтран гүйцэтгэхээр болжээ. Эдгээр компаниуд шинэ цахилгаан станцын инженерийн байгуулалт, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, барилга угсралт зэрэг ажлыг хамтран гүйцэтгэх юм байна. Тавдугаар цахилгаан станц нь 415 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орох ажээ. Монгол Улс тавдугаар станцын үйлдвэрлэх цахилгаан, дулааныг 25 жилийн хугацаатай гэрээний хүрээнд бүрэн худалдаж авах юм. Харин “International Power”, “Сожиц”, “Поско Энержи” компаниуд цахилгаан станцын хувьцаанаас тус бүр 30 хувь, “Ньюком” компани 10 хувийг эзэмшихээр тогтжээ. Тавдугаар цахилгаан станцыг барих санхүүжилтийг дөрвөн компанийн хамтарсан консорциум бүрэн хариуцах ажээ. Одоогийн “ДЦС-3”-ын дэргэд барих гэж буй уг станцын бүтээн байгуулалтад урьдчилсан тооцоогоор 650 сая ам.доллар шаардагдах аж.
Ц.Болор