УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа. Тэрбээр АН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байгаа юм.
-Та АН-ын даргын сунгаанд оролцохоо албан ёсоор зарлачихлаа. Харин бүртгүүлж амжсан уу?
-АН VI Их хурлаа хийж, дүрмийн, бодлогын шинэчлэлээ эхлүүлсэн. Шинэчлэлийн хөтөлбөрөө баталлаа. АН-ыг шинэчлэх хөтөлбөрт хэд хэдэн чухал зүйл заалт тусгасан. Жишээ нь, хаалттай АН-ыг яаж нээлттэй болгох вэ, хувьчлагдсан АН-ыг яаж олон нийтийн болгох вэ, хэвтээ тогтолцоотой АН-ыг яаж хагас босоо тогтолцоотой, захирах захирагдах ёсонд тулгуурласан нам болгох вэ, мөнгөний намыг яаж бодлогын нам болгох вэ, бүлэглэлийн савраас яаж намаа салгах вэ, эв нэгдэлгүй АН-ыг яаж эв нэгдэлтэй болгох вэ зэргээр олон бодлогын шийдвэрийг тусгасан. Ирэх дөрвөн жил АН-ын хувьд шинэчлэлийн жилүүд байх болно. Алдаагаа зассан, үндсээрээ өөрчлөгдсөн дөрвөн жил болох ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. VI Их хурлаас АН-ын даргыг Үндэсний зөвлөлдөх хороогоор биш бүх гишүүдээс нь сонгох ёстой гэсэн шийдвэр гарсан.
-Мэдээж энэ бол дэвшил байх?
-Дэвшил, уг шийдвэрийн дагуу АН-ын даргын сонгууль нэгдүгээр сарын 29-нд болно. Энэ сунгаанд АН-ын гишүүд чөлөөтэй орох, өрсөлдөх эрх нь нээлттэй. Тиймээс миний бие АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан.
-Сая та АН мөнгөний биш, бодлогын нам болно гэж хэллээ. Гэтэл намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигч 250 сая төгрөг өгч байж өрсөлдөх эрх нь нээлттэй болж байна. Бодлогын нам болох мөн ч хол байна даа гэж жирийн гишүүд тань хэлж байна. Жишээ нь энэ мөнгийг та яаж босгох юм бэ?
-Улстөрчдийг дотор нь хоёр хуваадаг. Мөнгөтэй, бизнестэй болон мөнгө босгож чаддаг улстөрч гэж. Улс төр хийх, сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө санхүү шаардлагатай. Мөнгө босгох хамгийн сайн арга бол ил тод нээлттэйгээр гишүүд, дэмжигчдээсээ хандив цуглуулах. Буруу аргаар цуглуулсан, хулгайн аргаар олсон мөнгө улс төр, бүлэглэлийн барьцаанд оруулдаг. Би өнөөдрийг хүртэл улс төр, сонгуулийн санхүүжилтээ хуулийн дагуу гишүүд дэмжигчдээсээ хандив, мөнгөн тусламж цуглуулах хэлбэрээр хийж ирсэн. Цаашдаа ч энэ хэлбэрээр явна.
-250 сая төгрөгийн босгыг хамгийн анх мэдээлсэн хүн бол та. Гэхдээ VI Их хурал дээрээ ингээд шийдчихсэн байсан юм биш үү. Яагаад тэр үед нь хэлээгүй юм бэ. Батзандан мэдэж байсан зүйлээрээ шоу хийлээ гэсэн шүүмжлэл та уржигдар сонссон л байлгүй?
-Их хурлаар мөнгөний асуудал юу ч яриагүй. Өчигдөр сонгууль зохион байгуулах ажлынх хэсгийнхэнтэй уулзсан. Тэгэхэд сонгуулийн нийт зардал 2.5 тэрбум төгрөг болж байгаа. Үүнийг нэр дэвшигчид хувааж төлөх үүрэгтэй гэж тайлбарласан. Миний хувьд сонгуульд хэдий чинээ олон хүн өрсөлдөнө төдий чинээ бага зардал нэр дэвшигчдэд ногдоно гэдгийг хэлсэн байгаа. Босгоо бага тогтоох замаар олон хүнийг өрсөлдүүлэх нь АН-ын зорилго байх ёстой. Олон янзын урсгал, үзэл бодлыг уралдуулах замаар сунгаагаа хийх нь бидний зорилго болохоос бэлтэй хүмүүсийг мөнгөөр нь өрсөлдүүлэх нь АН-ын зорилго биш гэдгийг тодорхой хэлсэн. АН-д мөнгө дутаагүй, харин үнэт зүйл, зарчим, бодлого дутаж байна.
-АН-ын даргын сунгаа бүх аймаг, сумдыг хамарна гэхээр Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэхүйц зардал гарах юм биш үү. Тэгэхээр дэнчингийн 250 сая төгрөг дээр нэмэгдэж зардал гарах нь ээ?
-250 сая төгрөгийг бууруулах, багасгах, шаардлагагүй зардлыг хасах саналаа ажлын хэсэгт би хүргүүлсэн. Ажлын хэсгийн шийдвэр хараахан гараагүй байна. Баасан гаригт багтаад гарах байх гэж найдаж байна. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүрэгт очиж уулзалтаа хийнэ. Таван телевизээр нэр дэвшигчдийн мэтгэлцээн хоёроос гурван удаа олон нийтэд хүрэх ёстой. Хөдөө орон нутгаас намын гишүүдийг аймгийн төвд авчирч уулзалт, хуралдаанд оролцуулах зохион байгуулалтын ажил байгаа. Энэ бүхнийг хийхэд зардал зайлшгүй гарна. Гэхдээ зардлаа хэрхэн хуваарилах, хэдэн хувийг нь нэр дэвшигч нар үүрэх, намын бүтцийн байгууллага нь хэдэн хувийг нь гаргах вэ зэрэг шийдээгүй асуудал бий. Ажлын хэсгээс удахгүй шийдвэрээ гаргах байх.
-Та Их хуралдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Тодорхой шийдэлд хүрсэн гэж бодож байгаа юу. Таны хувьд Их хурал болохоос өмнө намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн. Гэтэл намын Их хурлын үеэр АН-ын гишүүн болоод хамгийн багадаа арван жил болсон хүнийг сонгуульт албан тушаалд томилно гэсэн төсөл орж ирсэн. Ер нь бол танд зориулсан заалт байх.Танаас нэлээд болгоомжлоод байгаа юм биш үү?
-Надаас айх зүйл байхгүй. Би хэн нэгэн этгээдийг айлгах гэж намын даргын сунгаанд ороогүй. Намын даргын сунгаа хуулийн хүрээнд шударга болж өнгөрөх ёстой. Батзандан намын даргын сунгаанд оролцоно гэдэг нь АН-д илүү нэг өнгө, үзэл санаа бодлогын шинэчлэл хийхэд тус дэм болно гэсэн үүднээс хараасай билээ. Хэдий чинээ олон янзын үзэл бодол уралдана төдий чинээ сайн бодлого гардаг гэдэг. АН үзэл санаа, бодлого, зарчмын уралдаан, мэтгэлцээн хийх ёстой. Сунгааны гол зорилго нь АН-ын үзэл санааг тодорхойлоход чиглэнэ. АН-ын үзэл санаа, үнэт зүйлийг шинээр харахад, томъёолоход чиглэх ёстой гэж би харж байгаа. Өрсөлдөгч, сунгаанд оролцогчид ирээдүйн АН-ын тухай, өнгөрсөн алдаа дутагдлаа бодитой ярьж, дүгнэж цэгнэх ёстой. АН ирээдүйд ямар байх вэ. Ирээдүйн өнгө, бодлого ямар байх вэ. Монголын төрийг ийм бодлогоор удирдана гэдгээ ярих ёстой. Дээрээс нь Монголыг удирдах АН өөрөө шинэчлэгдэх ёстой. Шинэчлэгдсэн АН Монголыг шинэ шатанд гаргаж ирж чадна. Тиймээс илүү бодлогод төвлөрсөн мэтгэлцээн, сунгаа болох ёстой гэж харж байгаа.
-Намын даргад өрсөлдсөн хүмүүсээс хэн нэгнийг нь сонгохын тулд хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөрийг нь харна. Та мөрийн хөтөлбөрөө боловсруулсан уу. Мөрийн хөтөлбөрийн онцлог, бусдаасаа ялгарах зүйл нь юу байх вэ. АН-ыг яаж шинэчлэх вэ?
-Мөрийн хөтөлбөрийг хараахан боловсруулж дуусаагүй байна. Гэхдээ АН-ын үзэл санааны шинэтгэл бол миний мөрийн хөтөлбөрийн цөм байх болно. АН хүний эрх, эрх чөлөө төвтэй нам. Иргэний нийгэм, иргэдийн санаачилга, иргэн төвтэй нам. Нөгөө талаас баруун төвийн нам гэдэг утгаараа үндэсний эрх ашгийг дээдэлсэн эрх ашигт төвтэй улс төрийн хүчин болж өөрчлөгдөх ёстой. Энэ хоёрыг төгс хослуулах хэрэгтэй. АН сүүлийн 20 гаруй жил хүний эрх тал руугаа хэт хэлбийж, үндэсний эрх ашгийг орхигдуулсан тал бий. Өнөөгийн даяарчлалын нийгэмд хүний эрх, үндэсний эрх ашиг хоёрыг тэнцвэртэй хэмжээнд тавьдаг. Хүний эрх, үндэсний эрх ашиг хоёрын балансыг хангаж чаддаг улс төрийн хүчин Монголд хэрэгтэй гэж би харж байгаа. Хэн нэгэн олигархийн эрхийг хангахын төлөө үндэсний эрхийг золиосолж болохгүй гэж Батзандан боддог. Хүний эрхийн нэрээр бүлэглэлийн эрх ашгийг гүйцэлдүүлж болохгүй. Хүний эрх бол АН-ын мөрийн хөтөлбөрийн бодлогын цөм байдаг. Гэхдээ орхигдсон, хаягдсан үндэсний эрх ашгийг сэргээх, АН-ын цөм болгож гаргаж ирэх цаг нь болсон. Үндэсний эрх ашигт тулгуурласан, тугаа болгосон, тусгаар тогтнолын үзэл санаанд суурилсан, түүнийгээ бодлогынхоо цөм болгосон АН шинээр бий болох хэрэгтэй.
-АН-ын дүрмээр намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж үнэн үү?
-Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно. Хязгаарласан заалт АН-ын болон Монгол Улсын хуульд байхгүй. Гэхдээ миний бие Ерөнхийлөгчид нэр дэвших 45 насны шаардлага хараахан хүрээгүй байгаа учраас энэ тухай бодох шаардлага байхгүй. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хамгийн сонгодог, шилдэг боловсон хүчнээ нэр дэвшүүлэх болно гэдгээ амалъя.
-АН-ын хувьд 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс нь одоо ч намынхаа тэргүүн эгнээнд явдаг онцлогтой нам. Шинэ хүнийг ерөөсөө гаргаж ирдэггүй. Та АН-д элсээд яг хэдэн жил болж байгаа билээ?
-2004 оноос ардчилсан хүчнийхэнтэй холбоотой ажилласн. АН-ын зовлон бол хууччуул нь нийлж байгаад шинэ хүмүүсээ шахдаг. Өвгөчүүд нь залуучуудаа хажигладаг, хасаж хөөдөг зовлонтой нам л даа. Фракцууд нь тохирч байгаад фракцгүй хүмүүсээ гадуурхдаг. Өөрөөр хэлбэл, намын эв нэгдэл хангагдаагүй улс төрийн хүчин гэж хэлж болно.АН-ыг эв нэгдэлтэй болгохын тулд явцуу эрх ашгийн фракцыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Батзандан АН-ын дарга болбол явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгана. Зөвхөн мэргэжлийн фракц, холбоо, бодлогын зөвлөлүүдийг хүлээн зөвшөөрнө гэдгээ хэлж байгаа.
-Тэр нь яана гэсэн үг вэ?
-АН засгийн эрхэнд гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын удирдах албан тушаалд зөвхөн мэргэжлийн холбоодоос санал болгосон хүмүүсийг томилно. Өнөөгийн явцуу эрх ашгийн фракцуудын хийдэг ганцхан ажил байдаг. Тэр нь намын даргыг сонгох, огцруулах. Намын даргыг намын хорооноос сонгодог учраас тэнд явцуу эрх ашгийн фракцууд үүрлэдэг. Тиймээс намын шинэчлэлийн хүрээнд бүх шатны даргыг бүх гишүүнээс нь сонгодог тогтолцоо руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, намын хороод даргаа сонгохгүй. Тэгэхээр явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгах, шахах бодлогыг намын дарга болсон тохиолдолд явуулна гэдгээ ил тод хэлж байгаа. Явцуу эрх ашгийн фракцаар дамжуулж АН-д бүлэглэл хүчээ авч байгаа. Бүлэглэлийн савраас АН-ыг салгах нь миний зорилго байх болно. Энэ бол АН-ын шинэчлэлийн нэг том тулгуур багана болно. Дээрээс нь, АН хэвтээ тогтолцоотой нам. 30 тусдаа бие даасан намын нэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл, намуудын холбоо хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа зарим тохиолдолд хоорондоо зөрчилтэй, нэгдсэн удирдлагагүй явах тохиолдол цөөнгүй гардаг. Харин миний хувьд намын дарга болсон тохиолдолд энэ тогтолцоог хагас босоо улс төрийн хүчин болгоно. Доод шатны намын даргыг дээд шатных нь батламжилдаг болгоно. Дүрэм, хууль зөрчсөн удирдлагуудтай хариуцлага тооцно. Ингэж байж АН нам шиг нам болно гэсэн итгэл үнэмшил надад байна. Хувьчлагдсан, хаалттай намыг олон нийтийн, нээлттэй болгоно. Өнөөдөр АН-ын шийдвэр гаргалт, санхүүжилт, гишүүнчлэл бүгд хаалттай байгаа. Үүнээс болж АН-д шинэ залуу үе, чадвартай боловсон хүчин орж ирээд орон зайгаа эзлэх боломжгүй байна. Дотоод тоглоомын дүрэм нь тодорхойгүй, хаалттай учраас орж ирэх бололцоо алга. Тиймээс АН-ын дотоод үйл ажиллагааны дүрмийг бүгдийг нь олон нийтэд нээлттэй болгоно оо. Ингэснээр АН ард түмний нам болж өөрчлөгдөнө гэж харж байгаа. Цөөхөн бүлэг этгээд АН-ыг хувьчилж авчихаад байна. Аймаг, дүүрэг болгонд санхүүжилт, гишүүдээр нь дамжуулаад барьчихсан байна.
-Санхүүжилт байхгүй бол намын үйл ажиллагааг яаж явуулах юм бэ. Өнөөгийн нөхцөлд боломжгүй шүү дээ?
-АН-д тулгарч байгаа нэг том асуудал нь санхүүжилтийн реформ хийх. Улс төрийн намуудын тухай хуульд маш тодорхой заасан байдаг. Нэг бүлэглэл, аж ахуйн нэгжээс жилд авах санхүүжилтийн хэмжээ нь 10 сая, хувь хүнээс гурван саяас хэтэрч болохгүй гэж тусгасан байгаа. Хуулиа маш сайн чанд мөрдөх ёстой. Гишүүд, дэмжигчдэдээ тулгуурсан ил тод санхүүжилтийг бий болгох ёстой. Тэгэх бүрэн боломжтой. Ингэхийн тулд бодлогын зөвлөлд тулгуурласан санхүүжилтийн хэлбэрийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн этгээд, хувь хүнээс авах санхүүжилтийн хэмжээгхязгаарлах ёстой. Ний нуугүй хэлэхэд улс төрийн намууд цөөн тооны хувь хүн, хуулийн этгээдээс их хэмжээний санхүүжилт авдаг учраас барьцаанд ордог.
-Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын зовлон яах аргагүй фракцуудынх нь зодоон байсныг хүн болгон хүлээн зөвшөөрсөн. Та ч бас фракцуудыг байхгүй болгоно гэж ярьж байна. Гэхдээ та өнгөрсөн хугацаанд “Шонхор” фракцид харьяалагддаг байсан биз дээ?
-Би АН-д ороод 12 жил болж байна. 2004 онд анх орж байсан. Иргэний хөдөлгөөний он жилийг хасвал найман жил байх. Энэ хугацаанд АН-ын бараг бүх фракц бүлэглэлд орж, гарч явлаа. АН-тай танилцах уулзалт, аяллыг хангалттай хийсэн гэж хэлж болно. МоАХ-ноос “Шонхор”, “Нэг ардчилал”-аас “Шинэ Ардчилал” гээд бүгдтэй нь хамтарч уулзаж учирч явсан. АН-ын хуучин дүрэм, тогтолцооны дагуу гэсэн үг шүү. Гэхдээ залуу хүн, залуу гишүүний хувьд нэг л зүйлийг ойлгосон. АН одоогийнхоо тогтолцоогоор хол явахгүй юм байна гэдэг нь энэ он жилүүдэд хангалттай харагдаж байгаа юм. Ирээдүйн Монголыг тодорхойлох гэж байгаа улс төрийн том хүчин эхлээд өөрийгөө тодорхойлох ёстой. Шинэ Монголыг бүтээхийг, үндэсний эв нэгдлийг хүсч байгаа хүчин дотоод эв нэгдлээ хангадаг тогтолцоотой болох ёстой. Миний хувьд маш тодорхой саналыг хэлж байгаа. Намын дүрэмд эв нэгдлийн хувьсгал хийнэ гэдгээ хэлж байгаа. Ингэхдээ намын дотоод маргаан, мэтгэлцээнийг шийдвэрлэдэг Эв нэгдлийг хороог байгуулна. Өнөөдөр АН-д эвдрэлцүүлдэг хороо, хор дэндүү их байна. Фракцууд нь АН-ыг эвлэлдүүлэх биш эвдрэлцүүлдэг институц болж хувирлаа. Тийм учраас эвдрэлцүүлдэг биш эвлэрүүлдэг хороог бий болгоно.
-Эв нэгдлийн хороо нь яг юу хийх юм. Намын хоёр гишүүн санал зөрөлдөхөд хооронд нь эвлэрүүлэх юм уу?
-Дүрмийн зөрчил гэж гардаг. Аймаг, дүүргийн намууд өөр хоорондоо талцаж хуваагддаг. Шийдвэр гаргаж чадахгүй гацаанд ордог, хуралдаж чадахаа больдог. Энэ тохиолдолд Эв нэгдлийн хороо ажлаа хийнэ. Ухуулан таниулах, ойлгуулах, үзэл санаа, зарчмаа баримталж ажиллах юм. Мөн шинээр элссэн гишүүдэд дүрэм журмаа танилцуулах, сурталчлах олон ажлыг хийнэ. Бидний эв нэгдэлгүй байгаа нь нам дотор шударга ёс хангагдахгүй байгаатай холбоотой. Намын, улсын, төрийн эрх ашиг гэж байдгийг гишүүддээ ойлгуулахаас эхлээд энэ хорооны ажил их байх болно.
-Та одоо намынхаа аль үүрт харьяалагдаж байгаа юм бэ. Баянзүрхийн АН-ын хороо таныг гишүүнчлэлээсээ хаслаа гэж мэдэгдсэн байгаа?
-Би Баянзүрх дүүргийн намын хорооны 11 дүгээр үүрийн гишүүн.
-Хэвээрээ байгаа гэсэн үг үү?
-Тийм. Намын хорооноос хассан гэсэн шийдвэр хараахан ирээгүй.
-Орон нутгийн сонгуулиар ялсан дүүргийн нэг нь Баянзүрх. Гэвч Засаг даргыг нь батламжлахгүй байна. Энэ дүүрэгт АН-аас нэр дэвшсэн хүний хувьд та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юм уу?
-Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Сүхбаатар, Завхан аймагт АН ялалт байгуулсан. МАН-ын нөхдүүд Засаг дарга, удирдлагуудыг нь томилохгүй цаг алдаж байна. 119 суманд АН ялалт байгуулсан. Тэднийг бас томилохгүй гацааж байгаа тохиолдол их байгаа. Энэ талаар намын Бүлэг, УИХ-ын төвшинд ярьж МАН-д шахалт үзүүлж байгаа. Ялагдлаа хүлээж сурах хэрэгтэй. Тахимаа өгөх хэрэгтэй гэдгийг өдөр болгон сануулж байгаа.
-Та фракцгүй нам болно л гээд байна. Гэтэл танай намын фракцууд аль хэдийнэ тохирчихсон юм биш үү. Манайх намын даргаа авъя, танайд генсекээ өгье гэж тохиролцжээ гэсэн яриа сонсогдох л юм. Та тэр талаар сонссон байлгүй дээ?
-Хуучин бүтэц, фракцуудын тохироогоор намын даргыг томилдог байсан үе бий. Гэхдээ жирийн мянга мянган гишүүн фракцын тохироогоор намын даргаа сонгодог хоцрогдсон арга барилаасаа салъя гэж байгаа. Мэдээж фракц, бүлэглэлүүдАН-ыг худалдаж авахаар маш олон зүйл хийх байх. Үүний эсрэг Батзандан тэмцэх болно оо. Жирийн гишүүдийнхээ үзэл бодолд тулгуурлаж, фракцуудын явцуу эрх ашиг, мөнгөний эсрэг үнэт зүйл зарчмаа ярьж тэмцэх болно. Би нэг зүйл итгэдэг. Энэ хорвоод мөнгөнөөс илүү үнэт зүйл гэж байдаг юм. Фракц, бүлэглэлээс илүү зарчим, ёс суртахуун гэж нийгэмд байдаг юм. Үүнийг манай иргэд, гишүүд мэднэ. Өнөөдрийг хүртэл АН-ыг фракцын толгойлогч нар тодорхойлж ирсэн. Тиймээс гишүүдээсээ асууж ирээдүйгээ тодорхойлдог шинэ эрин үе рүү шилжин орно. АН-ын гишүүд эрүүл саруул, ирээдүйгээ харсан шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
-МАН Бага хурлаа хийгээд 35 настай залууг генсекээрээ томиллоо. Гэтэл танай намыг өнөөх л 1990 онд орж ирж байсан хүмүүстодорхойлсоор байна?
-АН хуц, ухна тавьсан юм шиг хэдхэн хүнийг ээлжилж, намын удирдлага болгосоор 26 жилийг өнгөрөөлөө, үнэн. АН-ын нийт гишүүд дэмжигчидтэй уулзаж байхад шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх, залуу үеэ гаргаж ирэх, боловсон хүчний шинэтгэл хийх цаг нь болсон гэж ярьж байна лээ. Үүнтэй санал нэг байгаа. МАН-д залуу үе хүч түрэн гарч ирж байна. Тэд боловсон хүчний шинэтгэлээ хийж байна. Үүгээрээ АН-аас түрүүлж байна. Үүнийг хүн болгон харж байгаа. Тиймээс АН ч гэсэнөөрөө өөрийгөө шинэчилж чадна гэдгээ харуулах цаг нь болсон. Цаг нь ирсэн гэж харж байгаа.
-Залуустаа яаж хандаж байгаагаас нь харвал АН-ын илүү хаалттай бараг коммунист маягийн нам болчихоод байгаа шдээ?
-Санал нэг байна. Бидэнд зовлон их байгаа. Гэхдээ энэ зовлонгоо шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
-АН, Ерөнхийлөгч хоёрын хоорондын харилцаа таарамжгүй байна гэж яриад эхэллээ. АН-ын дарга З.Энхболд телевизийн ярилцлагад орохдоо ийм асуудал байгаа нь үнэн. Тавантолгойн гэрээнээс болж Ерөнхийлөгч, АН-ын хооронд ан цав гарсан гэж байсан. Үнэхээр тийм юм болоод байгаа хэрэг үү. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн байсны тань хувьд, бас Тавантолгойгоор маш их дуугардаг байсны тань хувьд асууж байгаа юм?
-Айл гэрт маргаан байдаг шиг өнгөрсөн дөрвөн жил АН-ын бүлэгт цөөнгүй маргаантай асуудал байсан. Тухайлбал, Тавантолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн асуудлаар АН-ын бүлэг хэзээ ч нэгдсэн байр суурьтай байгаагүй. Гишүүдийн олонхи нь стратегийн томоохон ордуудыг иргэдэд ашигтай, Монголын эрх ашиг нийцсэн хэлбэрээр эргэлтэд оруулах ёстой гэсэн байр суурьтай байсан. Ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгж компаниудаа гаднынханд бага төлбөртэйгөөр зүгээр өгөхийг хэн ч хүсдэггүй. Ялангуяа гурван сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа Тавантолгойн асуудалд АН-ын бүлэг хатуу байр суурьтай байсан. Тавантолгойн нүүрсний үнэ өнгөрсөн дөрвөн жилд 25-хан ам.доллар байсан. Одоо 200 ам.доллар хүрч байна. Тавантолгой хамгийн ашигтай ажиллаж байгаа компаниар шалгарч байна. Энэ компанийг өнөөдөр Хятадуудад, гаднынханд өгөх, зарах тухай яриа байгаа. Үүнийг зогсоохын төлөө, хэлэлцээг монголчуудад ашигтай хэлбэрээр явуулахын төлөө АН-ын бүлэг хатуу зогсоно. Монголын баялаг руу шунахайран дайрч байгаа гадаад дотоодын бүлэглэлийн эсрэг АН зогссоор ирсэн. Цаашид ч зогсоно.
-Та түрүүн үндэсний эрх ашгийг хувь олигархийн эрх ашгаас дээгүүр тавих ёстой гэж хэлсэн. Бас Эрдэнэтийн 49 хувийн талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч сүүлийн үед чимээгүй болчихлоо. Юунаас болоод чимээгүй болчихов оо?
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газар тэргүүн ээлжид худалдан авах эрхээсээ татгалзаж хувийн компанид хууль бусаар шилжүүлсэн явдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Ажлын хэсэгт би орсон. Удахгүй дүгнэлтээ гаргана. Эрдэнэтийн асуудал бол Монголын төдийгүй олон улсын гэрээг зөрчсөн. Энэ болгоныг хууль эрх зүйн үндэслэл, баримт нотолгоотой нь удахгүй гаргаж тавина.
-Амаа үдүүлчихээгүй л юм байна, тийм үү?
-Батзандан амаа үдүүлдэг улстөрч биш. Асуудлыг нухацтай, нотолгоотой гаргаж тавьдаг улстөрч.
С.Ононтуул
Сэтгэгдэл (9)