зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэр уламжлалыг давтаасай

2017-1-10
0
ЖИРГЭХ

Ч.Лодойдамбыг шинээр нээхийн учир

 

XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой 2017 онд тохионо. Тэрээр 1917 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошуунд Цогтын Чадраабалын хоёрдахь хүү болон мэндэлсэн Олхонуд овгийн хүмүүн байв. 


 
Эцэг Чадраабал нь монгол бичиг сайтай, үлгэр тууль хайлдаг, уран барилдаанч, мэргэн харваач, сайн уяач байсан нь Ч.Лодойдамба хожим нь зохиол бүтээлдээ монгол ахуйн нарийн ширийнийг тодорхой тусгахад хүчтэй нөлөөлжээ. Баруун хилийн түүхэнд сайн саар үйлийн аль алинаар тод нэртэй үлдсэн Дамбийжаа лам шалж гуйсаар нэгэн сайн морийг нь авчихаад үнийг нь өгөлгүй хулгайгаар явчихсанд зэвүүрхэн нутгийнхаа Дуламсүрэн тайжтай хамт хөөж очоод явгалж орхисон нь Чадраабалд хожим нь нутгаа орхих нэгэн шалтгаан болсон гэдэг. Ц.Чадраабалын охин Ч.Цэндсүрэн “Хожим нь Дамбийжаа хүч чадалтай болсон үедээ Засагт ханы хүрээнд ирмэгц манай аавыг сураглаж олж авчрахыг тушаасан байж. Аав түүний ирснийг мэдмэгц хөтөлгөө морьтой зугатаан зайлдаг байсан юм гэнэлээ. Тэгэхээр нь Жа лам гэгч тэрбээр аавын адуу малаас хөөж аваад явчихдаг байжээ. Энэ явдал аавыг минь нутаг орноо орхин гарах нэг шалтгаан болсон юм билээ” гэж дурссан нь (Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба, амьдрал уран бүтээл” Сөүл., 1998) ном сударт буй. 


 
Хувь тавилангийн энэхүү эргэлт монголчуудад нэгэн сайн сэхээтнийг бэлэглэсэн гэж хэлж болно. Чадраабалынхан ийнхүү 1921 оны үесээр Хүрээний орчимд нүүн ирж суурьшсан нь Ч.Лодойдамба Улаанбаатарын үлгэр жишээ дунд сургууль(Одоо нийслэлийн нэгдүгээр дунд сургууль)-ийг амжилттай дүүргэж, цаашдаа эрдмийн мөр хөөхөд нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн “Манай сургуульд гурвын нэг гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан билээ. Тэр ангид Лодойдамба сурдаг байв” гэж “Миний хань Чадраабалын Лодойдамба” (УБ., 2011) номонд бичжээ. Ч.Лодойдамба дунд сургуулиа амжилттай дүүргээд Улаан-Үдийн “Монгол рабфак”-д онц сурч, ЗХУ-ын том хотуудаар шагналаар аялж байжээ. Ийнхүү амьдралын их замд хөл тавьсан Ч.Лодойдамба тухайн цаг үеийнхээ Монголын нийгмийн амьдралд тод мөр үлдээсэн том сэхээтэн болсон бөгөөд “Тунгалаг Тамир” романы зохиолч гэдгээрээ алдаршсан хүн юм. 


 
Европ тооллын 2017 он тоотой хоногийн дараа эхлэх гэж буй буй энэ цаг дор их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар саналаа өгүүлэх ялдамд Ч.Лодойдамбын туулсан амьдралаас юу юуг нь тодлон дурсах ёстойг сөхөн сануулах, шинээр хөндөхийг хичээе. 


 
Эн тэргүүнд Ч.Лодойдамбын Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Тэрээр 1944-1955 онуудад МАХН-ын Төв хороонд лектор, Лекторын товчооны эрхлэгч, Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчийн алба хашиж байв. Энэ үе бол Монголын төр урлаг соёлын бодлогодоо онцгой анхаарч, алсыг харсан өргөн цараатай ажил эхлүүлж байсан онцгой цаг үе юм.


 
Ч.Лодойдамбын эрхэлж байсан албан тушаал нь түүнийг төрөөс явуулж буй урлаг соёлын бодлого тодорхойлогч гол хүмүүсийн нэг болгосон бөгөөд тухайн үед болон түүнээс хойшхи он жилүүдэд энэ чиглэлээр гарсан томоохон шийдвэрүүдэд тэрээр ямар үүрэг оролцоотой байсан, ямар байр суурь баримталсан, ямар санаачлага гаргаж ажил хэрэг болгосныг тусгайлан судалж, Монголын урлаг соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүргийг нь илүү тодлох асуудал өнөөдөр эзнээ хүлээж байна. Энэ он жилүүдэд Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын бодлогыг зангидах хэмжээний боловсон хүчин болж чадсаны нотолгоо нь 1959 онд Соёлын яамыг татан буулгаж, оронд нь Урлагийн хэрэг эрхлэх хороо байгуулахад нэгдүгээр орлогч дарга болж, 1961 онд Соёлын яамыг дахин байгуулахад нэгдүгээр орлогч сайдаар нь томилогдоод насан элтлээ уг албыг хашсан түүх нотлоно. 


 
Судлаач Б.Мөнхбаяр “Энэ хугацаанд тэрээр ... төрөөс соёл, урлагийн талаар явуулж буй бодлогыг нэгтгэн зангидаж, удирдан хэрэгжүүлж байв” гэж дүгнэсэн (Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба” УБ., 2014) нь Ч.Лодойдамбын амьдралын сүүлийн 30 жилийн үйл ажиллагааг ганцхан өгүүлбэрт базсан оновчтой үнэлэлт юм. Мөн янз бүрийн эх сурвалжуудад дурдагдаж буй салангид баримтуудыг анхааран нягталбал өгүүлэн буй сэдвээр Ч.Лодойдамбын хийж бүтээсний ул мөр нэлээд тодорхой болж байна. Тухайлбал, тэрээр Монголд дуурийн урлагийг хөгжүүлэх талаар эртнээс шат дараатай бодлогыг чамбай хэрэгжүүлсэн нь анзаарагдаж байна. Түүнийг МАХН-ын Төв хороонд урлагийн асуудал хариуцаж байх үед буюу 1947 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн Улс төрийн товчоо 2 тоот тогтоол гаргаж “Театрын цаашдын хөгжил ба опер, балетын хэсгийг байгуулах бэлтгэл ажлыг хангах”-ыг үүрэг болгосон бол 1952 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаараа “үндэсний дуурийн урлагийг хөгжүүлэх ба дуурийн мэргэжлийн дуучдыг бэлтгэх зорилгоор... авьяас чадвартай шинэ дуучдыг сонгож олох тусгай комисс байгуулсугай” гэсэн тогтоол гаргаж, “Улсын хөгжимт драматик театрын дэргэд оперын студи байгуулж хичээллүүлэх”-ийг үүрэг болгож байжээ. Монголын театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1947 оны 2 тоот тогтоолыг “Манай орчин үеийн Дуурь Бүжгийн Театрын эхлэлийг тавих нөхцлийг бүрдүүлснээрээ онгой ач холбогдолтой” (С.Дашдондог “Хөгжим дуурь балет судлал” УБ., 2013) гэж үнэлсэн байдаг. 

 

Ч.Лодойдамба сайд... Улсын Хөгжимт Драмын театрыг Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгож өргөжүүлэн байгуулах асуудал боловсруулан хөөцөлдсөөр 1963 оны 5 сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж, хоёр театрыг тусад нь бие даалган байгуулж чаджээ


 
Дуучин Г.Хайдав 1954 онд ЗХУ-д дуурийн дуучны мэргэжлээр төгсөж Монголын анхны мэргэжлийн гоцлол дуучин болсон, үндэсний боловсон хүчнүүдээ хөгжмийн зохиолч, бүжиг дэглэгч, бүжгийн багш, концертмейстер, балетчин, хөгжмийн удирдаач зэрэг мэргэжлээр гадаадын орнуудад сургаж эхэлсэн зэрэг хожмын үйл явдлуудад Ч.Лодойдамбын удирдсан МАХН-ын Төв хорооны Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн үүрэг оролцоо ихээхэн байсан нь судлагаагаар тодрох нь дамжиггүй юм. 


 
Судлаач Б.Мөнхбаяр “Ч.Лодойдамба сайд... Улсын Хөгжимт Драмын театрыг Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр болгож өргөжүүлэн байгуулах асуудал боловсруулан хөөцөлдсөөр 1963 оны 5 сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж, хоёр театрыг тусад нь бие даалган байгуулж чаджээ” гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөс хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн “Чадраабалын Лодойдамба” номондоо бичсэн нь үндэсний хоёр том театрын маань түүхэнд тодоор бичигдэн үлдэх ёстой баримт юм.

 
 
Ч.Лодойдамба сонгодог урлагаас гадна орчин үеийн урлагийн чиглэл урсгалуудыг Монголд бий болгох талаар анхаарч, бодлогоор дэмжиж байсан шинэлэг сэтгэлгээтэн байжээ. Монголын анхны рок поп хамтлаг “Соёл Эрдэнэ” үүссэн түүх үүний нэг том жишээ юм. Энэ тухай нийтлэлч Д.Батбаяр “1969 оны шинэ жилээр Монголд ирсэн СЭВ-ийн төлөөлөгчдийн цайллага дээр Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамба Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нарын ятгын дөрвөлийг дуучин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од хоёртой нь авч очжээ. Тоглолтын дараа Ч.Лодойдамба залуусыг дуудаад “Английн “Цох хорхой” гэдэг дөрвөн залууг мэдэх үү, та нарт боломж өгвөл тийм хамтлаг болж чадах уу?” гэж асуусан гэдэг. Бүх зүйл эндээс л эхэлжээ (Д.Батбаяр “Соёлын үрийг таригсад” нийтлэл. 2012.08.09) хэмээн бичсэн байна.


 
Үүнийг нь тус хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Наранбаатар нотолж “Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр Цох хорхой гэж хамтлаг байдаг та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” (Ж.Баярсайхан “Монгол туургатны хөгжмийн зохиолч Б.Наранбаатарынх”. “Өдрийн сонин” сонин. 2015 он) хэмээн дурсчээ. Монголын рок поп урлагийн хөгжлийн түүх ийнхүү Ч.Лодойдамбаас эхэлж буйд урлаг судлаачид энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ойгоор анхаарал хандуулах буй за.


 
Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын залуу авьяастнуудыг тодруулж дэмжих талаар цаг ямагт анхаарч, уран бүтээлчийн хувьд өсч дэвжих, шинийг хийж бүтээхэд нь түлхэц үзүүлдэг шилдэг удирдагч байжээ. Тэрээр залуу дуучин Л.Эрдэнэбулганыг Европын орнуудаар тоглох урлагийн багийн бүрэлдэхүүнд явж байхад нь Болгарын хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн цахилгааныг тэнд суугаа Элчин сайд Цэдэндамбад илгээснээр Монгол улс нэгэн сайн найруулагчтай болсон. “Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” (Норовын Гантулга. “Их хувь заяаны эзэн Лхагвын Эрдэнэбулган” ярилцлага. “Өдрийн сонин”. 2016.) хэмээн Л.Эрдэнэбулган энэ тухай хэлжээ.


 
Ардын жүжигчин, дуурийн алдарт дуучин Х.Уртнасан “1960-аад оны үед Ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нар дэлхийд дээгүүрт ордог Москвагийн хөгжмийн сургуулийг онц дүнтэй төгсөөд ирсэн шижигнэсэн залуус байлаа. Тухайн үед зохиолч Ч.Лодойдамба Соёлын яамны сайд байсан юм. Тэд л ярилцаад намайг Болгарт мэргэжил дээшлүүл гэсэн. Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн дараа дуулах хүн хэрэгтэй. Энэ хүүхэд л ирээдүйтэй” гээд сонгосон юм.” (http://www.ikon.mn/n/a70) гэж дурсан өгүүлснээс харахад Ч.Лодойдамба сайдын үед Монгол төрийн урлагийн бодлого ямар алсын хараатай байсан нь харагдана.


 
“Нийслэл хүү” киноны гол дүрийн жүжигчин Ж.Бүрэнбэхийн “Гол дүрээ хайж жил гаруй болсон. Тэр хугацаанд олон хүн шалгуулсан гэсэн. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай байлаа... “Би энэ зохиолыг чинь уншчихсан шүү дээ. Та нар Драмын театр руу яв. Тэнд нэг хүү бий. Тэр л нийслэл хүү чинь мөн” гэж хэлсэн юм билээ” (Ч.Гантулга. “Ж.Бүрэнбэх: Ч.Лодойдамба гуайн олсон нийслэл хүү нь би” ярилцлага.

 

“Зууны мэдээ” 2014.03.07) гэсэн ярианаас Ч.Лодойдамбын уран бүтээлчдээ сайн мэддэг, хаана ямар бүтээлд тоглуулахыг хүртэл олоод харчихсан байдаг жинхэнэ удирдагч, манлайлагч хүний дүр төрх тодорно. 
Нэрт балетмейстер Б.Жамъяндагвын “Учиртай гурван толгой” гэдэг энэ сайхан эмгэнэлт зохиолыг бараг хошин шог болгоод шахам найрлаад дуусгачихлаа. Чи бод доо. Шекспирийн “Отелло” эмгэнэлтэйгээр төгсдөг. Гэтэл Отелло нас барчихаад байхад найр хийснээр дуусгаж болохгүй биз дээ. Зохиолчийн санааг тэгж өөрчилж болохгүй. Манай “Учиртай гурван толгой”-г тэгсэн байгаа юм. Үүнийг чи л өөрчлөн яг утга санааных нь дагуу найруулж чадна.


 
Хэзээ нэгэн цагт бүжгэн жүжиг болгоорой” гэж Ч.Лодойдамба гуай хэлсэн” (С.Тулга “Б.Жамъяндагва: Бүжгэн жүжиг гэдэг ухааны урлаг юм” ярилцлага. 2015.07.02. http://www.info.mn/news/66108.htm) гэх дурсамж; “Зуны нэг орой салхинд гарч явахдаа бид хоёр уран бүтээлийн тухай ярилцаж суугаад би “Манай театрын урлагт бүжгэн жүжиг их үгүйлэгдэж байна шүү дээ” гээд өөрийн санаагаа хэлсэн юм. Тэгсэн чинь Лодойдамба маань “Чи ийм тодорхой санаа хэлж, дотроо бодолтой яваа хүн өөрөө бичээч дээ гэхлээр нь энэ үгэнд зоригжиж, хэд хэдэн цомнол бичсэн” гэсэн академич Б.Ширэндэвийн дурсамж (Ч.Дагвадорж “Академич Б.Ширэндэв” УБ., 1997) зэргээс харахад Ч.Лодойдамба Монголын театруудын хөгжил, ялангуяа сонгодог урлагийн хөгжилд онцгой анхаарч, бүтээлийн санг нь арвижуулах талаар хүртэл санаа тавьж, тодорхой хүмүүст захиалга хүртэл өгч байсан нь тодорхой байна.


 
Өөрөө ч бас дуурийн цомнол бичилцсэн. Урлаг судлаач Ж.Болормаа “1957 оны 7-р сарын 7-нд С.Гончигсумлаа “Үнэн” дууриа Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нарын цомнолоор зохиожээ. Тэрээр энэ дууриараа монгол дуурьт байгаагүй үглэл дуу (ари), бодрол дуу, хоршил, гурвал зэрэг өрнийн дуурийн гол төрлүүдийг Монголын дуурийн урлагт анх хэрэглэжээ” (Ж.Болормаа “Дэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжил” илтгэл. 2012 он.


 
http://www.urlag.mn/post/6203.htm) гэж энэ талаар дурдсан нь буй. “Үнэн” бол Монголын үндэсний дуурийн эхлэл, гараа нь юм. Ч.Лодойдамбын энэ мэт хичээл зүтгэл, үйл хэргийг нягтлан судлаж, Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагүйгээс зөвхөн зохиолч гэдгээр нь л мэддэг хүмүүс олширчээ. 

 


Ч.Лодойдамба 52-хон насалсан ч нэгэн биеэс хэтийдсэн ихийг амжуулж бүтээсэн хүн юм. Улсын бодлого захиалгаар ЗХУ-д төмөр замын курс дүүргэж Улаанбаатар нарийн төмөр замын депогийн машинчаас ажил амьдралын гараагаа эхэлсэн түүний багшийн хөдөлмөр, эрдэм судлалын ажил, төр нийгмийн зүтгэлтний хувьд юу хийж бүтээсэн, Улсын радио хорооны орлогч дарга байхаасаа эхлэн сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хувь нэмэр, Монголын кино урлагийн хөгжлийг хэрхэн дэмжсэн гээд түүний амьдралын мөчлөг, үйл ажиллагаа болгон нь судлаачаа хүлээж байна. 


 
Тэрбээр хорин хэдхэн наснаасаа эхлэн багшилж, Төмөр зам холбооны сургуульд физик, МУИС, Намын дээд сургуульд түүх, гүн ухааны хичээл зааж байжээ. 1959-1970 онд Ази, Африкийн эв санааны нэгдлийн Монголын хорооны даргаар ажиллан Монголын бодлогыг гадаадад таниулж, АИХ-ын депутатаар хоёронтоо сонгогдсон төр нийгмийн зүтгэлтэн байв. 


 
Ч.Лодойдамба МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн бөгөөд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академид “Монголын орчин үеийн драматургийн үзэл санаа, дүрүүд” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжүүд, уншсан лекц илтгэлүүд, мөн албан ажлын шугамаар боловсруулсан баримт бичгүүд, түүний оролцсон хурлын тэмдэглэлүүдийг тулхтайхан судлах нь үндсэндээ Монголын төрөөс 1940-1970-аад оны хооронд урлаг соёл, шинжлэх ухаан, утга зохиолын салбарт хэрэгжүүлсэн бодлого, алхмууд, эдгээр салбарын хөгжлийн түүхийг нарийвчлан тодотгоход тустай юм.


 
Тухайлбал, “1954 онд МАХН-ын Төв Хорооноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын тухай авч хэлэлцээд Хөдөө аж ахуйн, Нийгмийн ухааны, Байгалийн ухааны гурван сектор нэмж байгуулах... эрдэм шинжилгээний мэдээ сэтгүүл гаргаж байхыг зөвшөөрч, МАХН-ын 12-р их хурлаас ШУ-ны талаар МАА, Газар тариалан, Аж үйлдвэр, Барилгын хөгжлийн практикийн чухал асуудлуудыг боловсруулах, Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийг нягт холбон ажиллах зорилт дэвшүүлснээс гадна эрдэм шинжилгээний ажилтан нарыг аспирантур, докторантурт бэлтгэх ажлыг нэмж ойрын жилүүдэд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнг ШУА болгох нөхцлийг бэлтгэхээр заажээ” (Г.Ганзул “ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж буй Шинжлэх ухааны академийн хөмрөгийн баримтын тухай”, 2011. http://www.archives.gov.mn/) гэсэн нь Ч.Лодойдамба МАХН-ын Төв Хороонд Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан үетэй давхцаж байгаа нь Шинжлэх ухааны хүрээлэнг ШУА болгох асуудалд түүний оролцоо зайлшгүй байсныг нотлох баримт юм. Ямар түвшинд оролцсон гэдгийг тодлох нь судлаачдын үүрэг билээ. 


 
Харин Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбыг Монголын анхны роман “Алтайд”, XX зууны манлай роман “Тунгалаг Тамир”, “Манай сургуулийнхан” тууж, “Гарын таван хуруу”, “Итгэж болно” зэрэг жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол зэрэг олон сайн бүтээл туурвисан зохиолчийнх нь хувьд боломжийн түвшинд судалж Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба: амьдрал, уран бүтээл”, Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба (Намтар уран бүтээлийн товчоон) гэсэн бие даасан хоёр ч ном гарсан билээ. Зохиолчийн хань, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэнгийн “Миний хань Чадраабалын Лодойдамба” дурсамжийн ном бас судалгааны үнэтэй эх сурвалж болсон гэдгийг хэлмээр байна.


 
Ч.Лодойдамба 1917 оны хавар төрсөн боловч албан ёсны бичиг баримтад нь наймдугаар сарын 20 хэмээн бичигджээ. Хорьдугаар зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг Ч.Лодойдамбын мэндэлсний тэгш ойг Монголын төр засаг өмнө нь дандаа есдүгээр сард тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ онд ч бас тэр уламжлалыг давтаасай хэмээн хүснэ. 


 
Төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг, Урлагийн хэрэг эрхлэх хороо, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдын албыг насан элтлээ нэр төртэй хашсаных нь хувьд Монгол Улсын Засгийн газрын ХЭГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам зохион байгуулж, нэгдмэл удирдлагаар хангана гэдэгт итгэж байна. АИХ-ын хоёр удаагийн депутат байсных нь хувьд УИХ зүгээр хараад суухгүй нь лавтай. ШУА, МЗЭ, МСНЭ, СУИС, төв орон нутгийн соёл урлагийн байгууллагууд энэ ажлыг талархан дэмжиж, өөр өөрийнхөөрөө хувь оролцоо нэмэх нь дамжиггүй. Үр хүүхдүүдийнх нь үүсгэн байгуулсан “Чадраабалын Лодойдамба” сан ч бас тодорхой ажлууд төлөвлөж байна. 


 
1940-өөд оноос хойш Монголын төрөөс шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиолын талаар явуулах бодлогыг зангидалцаж, амьдралынхаа сүүлийн 11 жилд гол ачааг нь үүрч, зохион байгуулж, удирдаж байсан төрийн зүтгэлтнийх нь хувьд Ч.Лодойдамбыг түүхт ойнх нь жилд шинээр нээн таниулах нь тэр их хүмүүний өмнө ач санасан сайн үйлс мөнөөс мөн бүлгээ.


 
Сэтгүүлч Б.Галаарид

0
ЖИРГЭХ
Санал болгох
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • моотуухан (202.131.225.197)
    энэ Галаарид гэж Монголын сэтгүүл зүйн байгууллагыг нугасласан нэг сайхан гар байдаг юм даа. ерөнхийлөгч болоод юу ч хийгээгүй лалар байгаа юм. харин энэ өгүүлэл нь зүгээр юм аа. лодой сайд говь-алтайнх энэ муу лалар өөрөө бас тэр нутгийнх болохоор тэгж л дээ.
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
    36 мин
  • "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
    1 цаг 5 мин
  • Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
    1 цаг 58 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно
    2 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 7 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    4 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг маргааш УИХ-д танилцуулна
    4 цаг 5 мин
  • “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” төслийн тайлангийн хурал боллоо
    4 цаг 8 мин
  • Хадгаламжийн хүү 30 хувиар нэмэгдлээ
    5 цаг 7 мин
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
    5 цаг 9 мин
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
    5 цаг 47 мин
  • Аравдугаар сарын цаг агаарын ТӨЛӨВ
    5 цаг 59 мин
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
    6 цаг 31 мин
  • Волейболын Үндэсний дээд лиг 11 сарын 3-нд эхэлнэ
    6 цаг 47 мин
  • “Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хууль тогтоомжийн хэрэгжилт, дагаж мөрдөх стратегийн үнэлгээ” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулав
    6 цаг 52 мин
  • Аравдугаар сард болох ТЭМДЭГЛЭЛТ өдрүүд
    6 цаг 56 мин
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
    7 цаг 0 мин
  • Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
    7 цаг 12 мин
  • САГС: Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт өнөөдөр болно
    7 цаг 30 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    7 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • ТАНИЛЦ: "Алтан цом"-ын багийн барилдаанд оролцох чансаа өндөр бөхчүүд
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Херо Б.Баатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуулийн байгууллагаар шалгуулахаар ханджээ
  • Х.Булгантуяа: Би намын даргад өрсөлдөхгүй
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Монголбанкны хяналтын зөвлөл хуралдав
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • САГС: Өнгөрсөн улирлын хамгийн шилдэг 50 тоглогч
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Херо Б.Баатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуулийн байгууллагаар шалгуулахаар ханджээ
  • Х.Булгантуяа: Би намын даргад өрсөлдөхгүй
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Монголын пара байт харвааны холимог баг ДАШТ-ний аваргын төлөө цэц сорино
  • САГС: Өнгөрсөн улирлын хамгийн шилдэг 50 тоглогч
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав
  • Монголбанкны хяналтын зөвлөл хуралдав
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Аравдугаар сард хилийн боомтуудын түр хаах болон ажиллах цагийн хуваарь
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Шинэ Засгийн газрын 100 хоногийн ОНЦЛОХ ажлууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК