Өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 384 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 13 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлжээ.
ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Энхтайван найрамдлын ордон”-ы автобусны буудлын замд “Аз сервис” ХХК-ны Baw WG120 маркийн троллейбусны жолооч Г нь замын хажуугийн троллейбусны шон мөргөж зорчигч 32 настай эрэгтэй У нарын долоон хүн гэмтжээ.
Мөн Өмнөговь аймгийн Баян-овоо сумын Могой багийн нутаг Ухаа худгаас хашуун сухайт чиглэлийн асфальтан замын 82 дах км-т Foton маркийн авто машины жолооч Э нь T.Mark-2 маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж 24 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч хоёр хүн гэмтсэн байна.