Өнгөрсөн сарын 16-нд Японы Засгийн газар атомын хоёр станцаа сэргээх
болсон талаар цуу яриа гарах болсон. Үүнтэй холбогдуулан Японд атомын
цахилгаан станц ашиглахын эсрэг тэмцэл болж байна.

Өнгөрсөн сарын 16-нд Японы Засгийн газар атомын хоёр станцаа сэргээх болсон талаар цуу яриа гарах болсон. Үүнтэй холбогдуулан Японд атомын цахилгаан станц ашиглахын эсрэг тэмцэл болж байна. Токио хотноо байрлах тус улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний гэрийн гадаа жагсагчид тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа аж. Японы хэвлэлд мэдээлснээр Ерөнхий сайд Ёшихико Нодагийн гэрийн гадаа 100 гаруй хүн цугларч, үзэл бодлоо илэрхийлжээ. Тэд "Бид атомын цахи¬гаан станцыг эсэргүүцэж байна. Ийм станц ашиглах эрин дууссан" хэмээжээ. Үүний зэрэгцээ нийгмийн сүлжээний нэг болох "Твиттер"-т 20 гаруй мянган хүн хандаж, атомын цахилгаан станцыг сэргээх тухай асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн аж.
Мөн жагсаалд оролцогч нэгэн эмэгтэй “Эхчүүд өнөөдөр энд цуглараад байна. Бид өнөөдөр л ирээдүй хойч үе болсон үр удмаа хамгаалахгүй юм бол хүүхдүүд маань хэзээ нэг цагт яагаад биднийг хамгаалаагүй юм бэ гэж асуух болно” хэмээн ярьжээ.
Түүнчлэн бусад иргэд “Япон Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас атомын цахилгаан станц ашиглах нь хүн ардын аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй” гэжээ.
Хэдий ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч тус улс энэ сарын нэгнээс Фүкүй хотын гуравдугаар станцыг ашиглалтад оруулсан бөгөөд өчигдрөөс эрчим хүч нийлүүлж эхэлсэн байна.
Э. Мөнх