Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн хамт олон зэсийн хүдэр олборлосноос байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийж байна. Сүүлийн 20 гаруй хоногт тус цехийнхэн ил уурхайн ойр орчмын 1,1 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Мөн гадаргын ус болон хөрс бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор овоолгоос шүүрэх хүчиллэг ногоон усыг хуримтлуулах 2 цөөрмийг барьсан бөгөөд уурхайн эргэн тойронд гүний усны хяналтын 4 цооног өрөмдүүлж, усанд сорил тавьж байнгын хяналт шинжилгээ хийж байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх цогц бодлогын хүрээнд үйлдвэрийн бүс дэх 30 га газрыг хамарсан “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлж байгаа. “Ногоон төгөл”-д 10820 мод суулгасан бөгөөд 1371 модыг нь Хүдрийн ил уурхайн хамт олон тарьж, ургуулжээ.