
УИХ-ын даргатай уулзахдаа ямар асуудал ярилцсан талаар асуухад МАН-ын дарга Ө.Энхтүвшин "Бид зөвшилцлийн бичгээ өгье, хуралдаа оръё, УИХ-ын даргыг сонгоё гэж бичгээ өгсөн. Гэтэл АН-ынхан УИХ-ын даргыг хүлээлгүйгээр шууд сонгосон. Энд хоёр хуулийн зөрчил байсан. Эхнийх нь зөвшилцлийг бичгээр тавьж, бичгээр хариу авна. Бичигт ямар зүйл бичсэн байх нь хамаагүй. Энэ зөрчигдсөн. Мөн хуралдааныг насаар хамгийн ахмад нь даргална гэж заасан байгаа. Насаар ахмад хүн даргалахгүй бол яах вэ гэдэг нь хуульд байхгүй. Үүнийг зөрчөөд Д.Дэмбэрэл дарга эв эрүүл, сав саруул байсаар байхад Л.Цогоор даргалуулаад явчихсан. Тиймээс анхнаасаа хууль зөрчөөд эхлэхээр УИХ-ын ажил хүнд болно гэдгийг бид УИХ-ын даргатай уулзахдаа хэллээ" гэв.