
“Лондон-2012” зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдөх баг тамирчдын оноолтыг өчигдөр Лондонгийн цагаар 09.00 цагт /Монголын цагаар 16.00 цагт/ тодруулсан юм. Жүдо бөхийн төрөлд хүч үзэх Монголын тамирчдын жин тус бүрийн оноолтыг танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд манай бөх Даваадоржийн Төмөрхүлэг барилдах билээ. Д.Төмөрхүлэг эхний барилдаандаа хийлж улмаар Улаанбаатарын цагаар долдугаар сарын 28-ны 17.12 цагт Бразилийн жүдоч Фелипп Китадаитай барилдана.

Олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир эхний тойргийн барилдаанд хийлж, удаахь тойрогт Германы Кристофер Воелктэй учраа таарчээ. Ялсан тохиолдолд дараагийн барилдаанд Португаль болон Украйны бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх аж. Түүний жинд нийт 34 жүдоч зодоглоно.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зодоглох билээ. Түүний жинд 30 жүдоч өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний барилдаанаа Тайландын Теерават Хомклинтэй хийж, ялбал Францын Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагчтай барилдах юм.

Олимпийн наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд өосөлдөх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Ту Кай Вентэй, ялбал дараагийн барилдаанаа Австрали болон Их Британийн бөхчүүдийн ялсантай нь хийх аж. Тус жинд 36 жүдоч барилдах юм байна.