Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар УИХ-н тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Үүнд Өргөдлийн байнгын хороо байгуулах асуудал орж байгаа юм. Хурлыг тус байнгын хорооны даргаар өнөөдөр сонгогдсон А.Бакей гишүүн даргалж, шинэ байнгын хороо байгуулахыг 17 гишүүн зуун хувийн саналаар дэмжсэн. Өргөдлийн байнгын хороог байгуулснаар иргэдийн өргөдлийг хүлээн авч, үүнийг судалсны үндсэн дээр УИХ бодлогоо тодорхойлдог болох аж. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Манай УИХ 76 гишүүнтэй жижиг парламент тул нэг гишүүн олон байнгын хороонд хамрагдах боломжтой болно. Тэгээд ч УИХ-ын гишүүдийн оролцоо нэмэгдэж илүү мэргэшсэн парламент гэсэн ойлгол руу дөхнө. Мөн жижиг парламент тул нэг байнгын хороонд орох гишүүдийн дээд тоог тогтоож өгөх ёстой” гэсэн юм. Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооноос Өргөдлийн байнгын хороо байгуулах асуудлыг УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.