

Манай улсад амьдрах найдваргүй болсон хүмүүсийг хэвтүүлж асраад морифин гэх амь тариаг хийгээд, асарч халамжилдаг ачтай эмнэлэг цөөхөн болсон. Энэ нь магадгүй тухайн эмнэлэгт жилийн эцсээр нас баралт их гарсан гэх тоо эмнэлгийн үзүүлэлтийг доош нь татдагтай холбоотой байх. Тэгэхлээр өнөөх эмнэлэгт хүлээж авахгүй байгаа найдваргүй болсон төрөл төрөгсөд, эцэг эхийгээ гэртээ асрах шаадлагатай болдог. Энэ нь ч болохгүй гэх юм байхгүй л дээ. Гэсэн ч маш олон хүндрэл бэрхшээлүүд гардаг сул талтай. Адаглаад яаж асарч сувилахаа ч мэддэггүй. Хатуухан хэлэхэд ариун цэврийг нь ч сайн сахиж чаддаггүй нь үнэн. Тэгэхлээр өнөөх хүмүүс маань бүр амьдын тарчлал зовлон гэдгийг амсаж, суга, цавинаас нь эхлээд ам, хамар нь хүртэл үнэр орж, нь хөл, өсгий, тохой, нуруу нь цоорчихсон байдалтайгаар хорвоог орхидог нь хатуу ч гэсэн үнэн. Энэ мэтийн хүндрэлээс холуур цэвэр орчинд, анхаарал халамжаар дутаахгүй хорвоогоос амар амгалан буцахад нь жоохон ч гэсэн тус нэмэр болсон цөөхөн хэдэн эмнэлгээс “Грийн Хоум Хоспис” хөнгөвчлөх эмчилгээний эмнэлгийг зорьж нөхцөл байдалтай нь танилцсан юм.
Энэхүү эмнэлэг бол Баянзүрх дүүргийн 5-р хороонд 2001 онд байгуулагдсан Монголын анхны хөнгөвчлөх эмчилгээтэй эмнэлэг байлаа. Тус эмнэлгийн хаалгаар ороход бяцхан хүүхдүүдийн ирээдүйг сайн сайхнаар дүрсэлж зурсан зурагнууд хийгээд хайрын бэлэг тэмдэг болсон зүрхнүүдийг хаа сайгүй зурж, цаасаар урласан байлаа. Мөн өрөө болгоны үүдэн дээрх нэрс маш сонирхол татаж байсан юм. Энэхүү эмнэлэгт хагалгааны өрөө, сэхээний тасаг, өвчтөний өрөө, хүлээлтийн өрөө гэсэн хаяг байсангүй. Гагцхүү “Хайр”, “Итгэл”, “Найдвар”, “Аз жаргал” гэх мэт хүний амьдралын гэгээлэг бүхнээр нэрлэсэн өвчтөн, ажилтанууд өрөөнүүд байлаа. Өрөө бүр нь шүү дээ. Эндхийн ажилчид ээлж ээлжээр 24 цаг ажилладаг. Өрөө болгон нь дотроо ОО өрөө, угаалгын өрөөтэй. Телевиз, ус буцалгагч гээд л яг л гэртэй байгаа юм шиг сэтгэгдэл төрөхүйцээр тохижуулсан харагдана. Энэ нь мэдээж өвчтөнгүүдийг амар амгалан орчинд эцсийн замд нь үдэх гэсэндээ шүү дээ. Ингээд үүдний жижүүрийн хаалганы гадна санал, гомдлын дэвтэр байхыг үзлээ. Магтан сайшаасан үгс дүүрэн байх юм. Миний ээжийг эцсийн замд нь цэвэр цэмцгэр орчинд, найрсгаар асарч байгаад үдэж өгсөн та бүхэнд талархаж байна. Өвчтэй хүнийг эцсийн замд нь үднэ гэдэг маш хэцүү хэрэг. Өөрсдийн хийх ёстой зүйлээ та бүхэнд хариуцуулсанд уучлаарай гэсэн үгнүүд санал гомдлын дэвтэрийн эхний хуудаснаа зурайна.
Тус эмнэлэг 10 ортой, нэг түргэний машинтай. Гурван сувилагч, асрагч, хоёр их эмчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Хэдий цөөн ажилчинтай мөн орны хүрэлцээ муу ч уг эмнэлгийг зорих өвчтөнгүүдийн ойчир тасардаггүй аж.
Грийн хоум эмнэлгийн сувилаг, асраг С.Алтанцэцэг: Манай эмнэлэг үдээс өмнө амбулатор эмчилгээгээ хийдэг. Харин их үд буюу 14:00 цагаас гэрээр нь явж асаргаа сувилгаа хийж үйлчилдэг дээ. "Ногоон бэлтгэл" цуглааны пастор хүн энэ эмнэлгийн дарга байгаа юм. Цэвэр сайн дурын Христэд итгэгч ахан дүүсийн дэмжлэгтэйгээр л үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийдөө бид бүхий л зориод ирсэн хүмүүст туслахыг эрмэлздэг. Тэр дундаа эмзэг бүлгийн хүмүүст түлхүү анхааралдаа авдаг. Ганцаараа амьдардаг, асран хамгаалах хүнгүй олон хүмүүс байдаг. Эмнэлэгт маань 4-5 жил хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөн байдаг. Мөн Биокомбинат, Нисэх, Морин давааруу ч бид өөрсдөө очиж эмчилдэг өвчтөн байдаг. Ямар ч үнэ төлбөргүй болохоор эмчлүүлэх, хэвтэх хүмүүс маш их байдаг. Гэтэл манай эмнэлэгт боловсон хүчин л дутмаг байдаг даа. Ийм хүнд нөхцөлд ажиллах хүмүүс тэр болгон олддоггүй.
Аравхан ортой, гуравхан сувилагчтай энэхүү эмнэлэг ямар олон хүнд хүрч тусламжийн гараа сунгаж байгааг харахад үнэхээр сайшаалтай байлаа. Гэсэн ч эмнэлгийн ажилчид боловсон хүчний асуудлыг төрөөс шийдвэрлээд өгчихөж болдоггүй л юм байхдаа хэмээн итгэлгүйхэн дуугарч байсан юм.
Энэ мэт гадны байгууллагууд хүртэл манай улсын иргэдэд тус болж, мөн монгол хүмүүсийг ажлын байраар хангаж ажиллуулж байхад бид өөрсдийн гэсэн хөнгөвчлөх эмчилгээний цөөн тооны ч гэсэн эмнэлэгүүдтэй яагаад болж болохгүй гэж. Манай улсад эмнэлэгт үзүүлж болно, шаардлагатай бол эмчлүүлж болно. Харин эмнэлэгт үхэж үл болно , эмнэлгийн үзүүлэлт доош нь татна гэсэн бичигдээгүй хууль л үйлчлээд байх шиг.








Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (4)