Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гол, нуурын ус руу үсэрч шумбах үедээ хүзүү, нурууны гэмтэл авч, амь нас, эрүүл мэнд хохирох асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар анхааруулж байна.
Хөдөө орон нутгаар амарч, аялж явахдаа энд тэндхийн гол, нууранд үсэрч шумбах нь энэ гэмтлийн гол шалтгаан бөгөөд тухайн усны гүний хэмжээ болон усан доорх газрын тогтоцыг шалгахгүйгээр үсрэх, мөн үсрэхдээ буруу техникээр үсэрснээс үүдэн хүзүү, нурууны хүнд гэмтэл авахад хүргэж байгаа аж. Мөн энэ төрлийн бэртэл нь нурууны үе, нугас бүрэн гэмтэж, улмаар саажилт үүсгэх, насан турш хөгжлийн бэрхшээлтэй болох аюул эрсдэлд хүргэх тул усны түвшин, гүний хэмжээ, газрын тогтоц зэргийг сайн мэдэхгүй гол, нуурын ус руу шумбахдаа болгоомжлох хэрэгтэй байна.
Энэ онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт есөн хүн гол, нуурын усанд шумбахдаа бэртэж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс гурван хүн тус төвийн нурууны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж, яаралтай мэс засал, эмчилгээ хийлгэжээ.