Хууль зүйн шинэ сайд Х.Тэмүүжин шүүмжилдэг байсан Ц.Нямдоржийнхоо халааг авсныхаа дараа энэ салбарт олон шинэчлэл хийхээр зэхэж байна. Тэрбээр хамгийн эхэнд хуулийн салбарт бугшсан хөрөнгөжсөн цагдаа нарын асуудлыг цэгцлэхээр болжээ. Олон нийт ч хөрөнгөжсөн хурандаа нар хэрхэн баяжиж байгаа мэдээллийг түүнд илгээж эхэлсэн байна. Цагдаагийн дарга нар өдөр нь хууль сахиулна гээд шөнө орой нь өөрсдөө хууль бус бизнес эрхэлж байгаатай тэрбээр хатуу, чанга тэмцэнэ гэдгээ хэллээ. Монголд хотын төвд том дэлгүүртэй, ресторан, шөнийн цэнгээний газар ажиллуулдаг цагдаагийн дарга нар олон бий. Зарим нь мэргэжлийн давуу талаа ашиглаад хамгаалалтын алба ч ажиллуулдаг нь нууц биш. Тиймээс иргэдийн өгсөн мэдээллийн дагуу иргэдийг дарамталж, шантаажилдаг цагдаагийн эрхтэн дархтнуудыг нэг нэгээр нь шалгахаар бэлтгэж эхэлсэн байна. Хэрэв хууль бусаар баяжсан гэдэг нь батлагдвал “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж шууд эрүүгийн хэрэг үүсгэх юм. Х.Тэмүүжин сайдын ярьж байгаагаар хамгийн том асуудал нь газрын наймаанд байгаа гэнэ. Цагдаа нар газрын албанынхны “но”-той асуудлыг илрүүлчихээд “талыг нь өг” гээд суучихдаг. Нөгөөдүүл нь ажлаа алдаж, шоронд орохгүйн тулд үг дуугүй газрынхаа талыг өгдөг тийм жишиг аль хэдийн тогтсон байна. Ялангуяа цагдаагийн хурандаа нар хууль зөрчин баригдсан том том барилгуудад хувь эзэмшдэг байдал газар аваад байгааг Х.Тэмүүжин сайдад ирсэн баримтууд харуулж байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй зарим нь гэмт бүлэглэлийнхэнтэй холбогдсон гэдгийг тэрбээр нуусангүй. “Нэг талаас хуулиараа айлгаад ч байгаа юм шиг, нөгөө талдаа гэмт хэрэгтнээр сүрдүүлээд ч байгаа юм шиг" тийм сонирхлын зөрчилтэй олон баримтууд түүний гар дээр иржээ. Ийхүү шинэ сайд шинэчлэл ярьсаар цагдаагийн дарга нарын дунд том “гал” асаалаа. Цагдаа нарт дарамтлуулж хохирсон иргэд олон тул Хууль зүйн яаманд олон матаас ирж байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Мөн цагдаагийн доод албан тушаалтнуудаас ч цөөнгүй мэдээлэл иржээ. Үүний зэрэгцээ цагдаагийн бэл бэлчинтэй нөхдүүд ч хууль зүйн сайдын алхмыг нүд салгахгүй ажиглаж байгаа гэв.
Ямартаа ч Х.Тэмүүжин сайдын “дотроос нь цэвэрлэх” гэсэн санааг олон хүн дэмжиж байна. Цөөн хэдэн хөрөнгөжсөн хурандаа нарын цаана хэдэн хүн хохирсон бэ гэдэг тооцоо ч удахгүй гарах нь. Нэгэнт хэрэг нь батлагдсан бол Х.Тэмүүжин сайд хуулийн дагуу ярьж "хурандаа нарын" гэх хэргүүд удахгүй сөхөгдөж эхлэх нь.
Т.Гэрэл /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)