УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын Дэгийн тухай хуулиар онцгой нөхцөлд гишүүдийн үг хэлж, асуулт асуух хугацааг хоёр минут байхаар заасан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Х.Болорчулуун нар гишүүдийн үг хэлж, асуулт асуух хугацааг гурван минут болгох санал гаргасан ч гишүүдийн олонхийн саналаар шаардлагагүй гэж үзлээ. Ингээд гишүүд үг хэлж, асуулт асуусныг хүргэе.
Л.Энх-Амгалан: Үндсэн хуульд шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэж заасан. Харамсалтай нь бүх шүүгч нар хараат болсон гэсэн судалгаа байна. Шүүгч нар хуульд биш эзэнд захирагддаг гэсэн судалгаа байна.
Хонгилын эзэнд захирагддаг.
Шүүгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт шүүгчдийн шийдвэр гаргахдаа 30 хувь нь өөрийг нь томилсон болон улс төрийн нөлөөлөлд автаж шийдвэр гаргадаг. Мөн дээд шатны шүүхийнхээ нөлөөлөл, шантаажид шийдвэр гаргадаг байна. Энэ судалгаагаар Монго Улс хараат шүүхтэй болчихсон байна.
Хоёрдугаарт, бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улсад хараат бус шүүх байна уу гэдэгт дэлхийд 120 дугаарт жагсаж байна. Хүний эрх хамгийн их зөрчигддөг Африкийн орнуудын дараа орж байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр батлах гэж байгаа хууль Монгол Улсад байгаа 560 шүүгчийн тухай биш. Харин шударга ёсыг бий болгох явдал. Ходоодны өлсгөлөнгөөс илүү шуарга ёсны өлсгөлөнд нийгмээрээ өртчхөөд байна. Энэ хууль шударга ёсны баталгааг хангаж өгч чадах уу?
С.Бямбацогт: Таны асуусан асуулт яах аргагүй нийт ард түмний хүсэн хүлээж байгаа, шийдвэрлэх ёстой чухал зүйл мөн. Үндсэн хуульд нийцүүлж Шүүхийн тухай хуулийг шинэчилж байна. Шударга ёсыг нийгмээрээ хүсэн хүлээж байна. Тиймээс Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сард Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьсан. Ингэхдээ таны хэлсэн асуудлыг шийдвэрлэж оруулж ирсэн.
Б.Лхам