Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран өнөөдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны дулаан үйлдвэрлэх түгээх, хангах зориулалттай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын зууханд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Хяналт шалгалтаар “Агаарын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Эрчим хүчний тухай” хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэр, журам, стандарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, стандартын шаардлага хангахгүй зуухнуудыг шинэчлүүлэх санал дүгнэлтийг гарган ажиллах юм байна. Нийслэлийн Засаг даргын А/930 дугаар, дүүргийн Засаг даргын А/747 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн юм.