Дайны бэлэн байдалд байгаа Украин улсад манай улсын 68 оюутан суралцдагаас энэ жил зургаа нь эх орноосоо цахимаар хичээлээ үзэж байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын албанаас өглөө. Тус улсад байнга оршин суудаг, ажиллаж амьдардаг Монголын 20 орчим иргэн мөн байдаг юм байна. Манай улсын хувьд Украинд Элчин сайдын яамгүй, харин Варшав дахь Элчин сайдын яам Украиныг хамаардаг билээ. Консулын албанаас өгч байгаа мэдээллээр Варшав дахь ЭСЯ болон Украин дахь Монгол Улсын Өргөмжит консулаар дамжуулан оюутнуудтай холбогдож, шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг өгч байгаа ажээ.
Дашрамд дурдахад зарим улс орон иргэдээ Украиныг орхин гарахыг уриалаад байгаа бөгөөд одоогоор ийм уриалгыг АНУ, Их Британи, Норвеги, Израиль, БНСУ, Япон, Латви, Эстони, Монтенегро, Македони, ХБНГУ гаргаад байгаа билээ. Израиль улсын армийн тусгай хүчин Украинаас иргэдээ татахад бэлэн байдалд байгаа бөгөөд тус улсын еврей гаралтай 75 мянган украин иргэнийг татаж авах төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм байна.
С.Сүлд