Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинчлэлийн хүрээнд давхар болон энгийн шинэ автобуснууд нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхлээд байгаа. Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй юм. Мөн хяналтын системээр тоноглогджээ.
Цахилгаан хөдөлгүүртэй учир хуучин автобуснаас зөөлөн явдалтай, биед амар байна хэмээн шинэ автобусны жолоочид сэтгэл өндөр байгаа юм. Иргэд ч давхар автобусанд суухын тулд эцсийн буудлаас нь хүлээдэг гэнэ. Шинэ автобуснууд их хотыг чимэх төдийгүй, иргэдийн сэтгэлд нийцэж байгаа нь сайшаалтай юм.
Энэхүү хоёр давхар автобус нь Ч:1 чиглэлд буюу 5 шар – Оффицер чиглэлд явж эхэлсэн. Цаашид шинэ автобуснуудын тоо нэмэгдэх бөгөөд наймдугаар сар гэхэд нийслэлд 300 автобус оруулж ирнэ хэмээн Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн билээ.
Д.Батчулуун