“Мета” компаниас Монгол, Казахстан улсад нийгмийн сүлжээгээр түгээж буй мэдээллийн чанарыг хянаж, худал мэдээллийгбууруулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Сэтгүүлзүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголын баримт шалгах төв албан ёсоор Мета компанийн хөндлөнгийн баримт шалгагчаар ажиллахаар болсон. Мета компанийн зүгээс фэйсбүүк болон инстаграм платформууд дээр тархаж байгаа аливаа мэдээллийг үнэн бодит байлгах, хэрэглэгчдийн мэдэх эрхийг шалгагдсан, баримтаар баталгаажсан мэдээллээр хангах зорилгоор бие даасан баримт шалгах байгууллагуудтай хамтран ажилладаг. Одоогоор дэлхий нийтийн 80 гаруй байгуулагтай хамтран 60 хэл дээрх баримт шалгасан мэдээллийг хүргэж байна. Харин энэхүү арга хэмжээнд Монголын баримт шалгах төв нэгдсэнээр Монгол, Казахстан хэл дээр баримт шалгах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, фэйсбүүк, инстаграм платформ дээр 62 хэл дээр баримт шалгах боломжтой боллоо. Энэ нь хэрэглэгчдийн мэдээллийн самбар дээр харагдаж байгаа мэдээлэл ХУДАЛ, ТӨӨРӨГДҮҮЛСЭН, БҮРЭН БУС, ЭРГЭЛЗЭЭТЭЙ гэсэн шошготой болж байгаа юм. Уншихаасаа өмнө ямар шошготой мэдээлэл болохыг хараад унших эсэхээ шийдэх юм.
Монголын баримт шалгах төв нь Монголын анхны Олон улсын баримт шалгагчийн сүлжээний баталгаажуулалттай албан ёсны байгууллага юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буруу ташаа, хуурамч мэдээллийн араас мөшгөж, үр дагавартай нь тэмцэн ажиллаж ирсэн. Харин Мета компанийн албан ёсны түнш болсноор тухайн хуурамч мэдээлэл хор уршиг тарихаас өмнө урьдчилан сэргийлж, учир шалтгаантай нь тэмцэх боломж бүрдэж байна” гэв.
Д.Батчулуун