“Амралтаараа Америкт ажиллаж амьдарцгаая” гэсэн сайхан үгс хэн бүхний чихэнд дуулдаад уджээ. Энэ шугамаар ч нэлээд олон оюутан жил бүр Америк орныг зориод ирдэг. Ганц Америк гэлтгүй дэлхийн бусад оронд ч зорчдог. Ийм том эдийн засгийн зах зээл нэлээд өрсөлдөөнтэй байдаг бөгөөд тэр өрсөлдөөн дундаас олон жилийн туршлагаараа нэгэн компани ялгардаг. Тэр бол "Нью Линк интернэшнл" ХХК. Аялал жуулчлал, сургалт, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад хэдийнэ арав гаруй жилийн нүүр үзсэн тус компани өнгөрсөн хугацаанд 2000 гаруй оюутныг зуучилсан амжилттай гэнэ. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр тус компани жил бүр оюутнуудыг залилж, үүндээ ч гаршаад байгаад иргэд гомдолж байна

Жишээ нь, энэ зун амралтаараа Америк орныг зорих гэсэн 25 оюутны 1200-1300 ам.долларыг "Нью Линк интернэшнл" залилжээ. Энэ нь 40 гаруй сая төгрөг болж байгаа бөгөөд жил бүр ийнхүү башир аргаа хэрэглэдэг бололтой. Гэхдээ хэн мөнгөө чимээгүйхэн сэгсрүүлэх билээ. Аргаа барсан эцэг эхчүүд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн ч одоо хүртэл таг чиг байгаа аж. Компанийн ерөнхий захирал Д.Ариунболдод хандахад “Хариуцсан хүн нь алга, удахгүй мөнгийг чинь өгөх болно, маргааш ирээрэй, манай ажилтнуудаас асуу” гэх улиг болсон хариултыг байнга өгдөг бөгөөд сүүлдээ “Би энэ талаар мэдэхгүй” хэмээн хэлээд утсаа тасалдаг болжээ.
Д.Ариунболд гэж хэн бэ?

Гэхдээ тэрбээр хэрүүл зарга хийсэн хүний мөнгийг чимээгүйхэн өгдөг сурагтай. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан хүнд ясны дургүй гэдгээ нуудаггүй бөгөөд хэвлэлийнхний амыг ч таглах гэж удаа дараа оролдсон байна. Нэхэл тэмцэл болж, мөнгөө авах нэгэн байхад аргаа бараад орхидог нэгэн ч байдаг гэнэ. Ийм л маягаар хүний тэвчээрийг барж, бусдыг залилсаар явна.
Энэхүү хэргийн хохирогч болсон оюутны төлөөлөлтэй уулзсан юм.
МУИС-ийн оюутан Б.Дэлгэрмаа:
-Яагаад энэ байгууллагаар үйлчлүүлэх болсон юм бэ?
-2011 оны зуны амралтаараа соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Тенниси мужид гэрийн үйлчлэгчээр ажиллаад ирсэн тул дахин үйлчлүүлэх гэсэн юм. Гэтэл энэ удаад явж чадсангүй. Мөнгөө ч луйвардуулчихлаа.
-Мөнгөө хэзээ өгсөн юм бэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сард өгсөн. Миний хувьд бүртгэлийн 500 ам. доллар өгсөн.
-Ямар шалтгааны улмаас явах боломжгүй болсон юм?
-Энэхүү ажлыг хариуцаж байсан Нарангарав гэдэг эмэгтэй цаад байгууллагатайгаа харилцаа холбоо тогтоож чадаагүй учир явах боломжгүй боллоо гэсэн. Тэгээд мөнгөө авахаар өргөдөл гаргасан. Одоо хүртэл хариу алга.
МУИС-ийн оюутан К.Аня:
-Хэзээ бүртгүүлсэн бэ?
-Миний хувьд нэгдүгээр сард хоёр найзын хамт бүртгүүлсэн. Манай хоёр найз ч гэсэн хохирсон.
-Мөнгөө авахаар оролдож үзсэн үү?
-Зөндөө үзсэн. Гэтэл өгөхгүй байна.
-Компаниас ямар хариу өгч байна?
-Эхлээд удахгүй өгнө гэдэг байсан. Сүүлдээ “Мэдэхгүй, хариуцсан Нарангарав сураггүй болсон” гэдэг хариулт өгсөн.
-Хэдэн төгрөг авах ёстой вэ?
-Бүртгэлийн хураамж болох 500 ам. доллар авах ёстой. Гэхдээ бусад оюутны хувьд 1200-1300 ам. доллар өгсөн.
-Хуулийн байгууллагад хандсан уу?
-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Гэтэл захирал нь ийм хэргээр зөндөө дуудагддаг гэсэн. Одоо хүртэл хариу ирүүлээгүй байна. Хүлээж л байна.
Энэ асуудал ийнхүү сунжирсаан олон сарын нүүрийг үзлээ. Мөнгөө залилуулсан оюутнуудаас нэгэн ч мөнгөө авч чадаагүй бөгөөд яах учраа олохгүй байгаагаа ярьж байлаа. Харин зарим нэг нь хууль хяналтын байгууллагад хандахаар зэхээд байгаа аж.
Ийм нэг даварсан нөхөр оюутнуудыг залилж, хуулийг үл тоож явна. Иргэний хэрэг үүсэн дөрвөн удаа шүүхийн хаалга татсан түүнд ямар ч хариуцлага ногдуулаагүй бөгөөд хэн нэгэн нөлөө бүхий эрхэм түүнийг хамгаалаад байгаа мэт хар төрж байгааг ч нуух юун. Энгийн нэг иргэн ийнхүү залилан хийсэн бол магадгүй аль хэдийнэ Ганц худагт очсон биз.
24tsag.mn
Сэтгэгдэл (26)