Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр сургууль цэцэрлэгийн бүртгэл, хамрах тойргын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "34 мянган цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн 23 мянган хүүхэд нь хоёр настай хүүхэд байна. Бид гурав, дөрөв, таван настай хүүхдүүдийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн. Хоёр настай хүүхдүүдийн яаж цэцэрлэгт хамруулах вэ гэдэгт шийдэл олж байна. Өнгөрсөн жилүүдэд цэцэрлэг сургуулийн хамран сургах тойрог гэж зарладаг. Хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг байсан алдааг тодорхойлсон.
Тиймээс бид цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй 32 мянган хүүхдүүдийн 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдлийг хийгээд байна. Хамран сургах тойргийг шинээр төлөвлөж, шинээр тодорхойлдог болсон. Хамрах сургах тойрог дээр зөвхөн төрийн өмчийн цэцэрлэг дээр хийдэг байсан бол энэ жилээс төрийн, хувийн өмчийн цэцэрлэгүүд, хүүхэд харах үйлчилгээнүүдийн хүчин чадлыг төлөвлөдөг боллоо.
E-Mongolia-д оршин суугаа хаяг, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо зэргийг бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүдэд хэлье. Цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 10-ны дотор багтаан эцэслэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах хэлмэрчийн асуудлыг энэ жилээс шийднэ.
ЕБС-д энэ жил 760 мянган хүүхэд хүлээн авна. Нэгдүгээр ангийн 50 мянган хүүхэд хүлээж авахаар байна. Өнгөрсөн жилээс 40 мянган хүүхдээр нэмэгдэх тооцоолол гарсан. 40 мянган хүүхэд шинээр нэмэгдэх тооцоолол бий учир гурван ээлжээр хичээллэж болзошгүй. Тиймээс гурван ээлжээр оруулахгүй байх талаас нь ажиллаж байна.
ЭЕШ –ийн шалгалтад 36 мянган хүүхэд оролцсон. Үүнээс 29 мянган оюутан их, дээд сургуульд элсэнэ. Аль сургуулийн хичээл хэзээ эхлэхийг удахгүй зарлана. Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх зарчим баримтална. Энэ жил 300 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллуулна. 36 мянган хүүхэд их дээд сургууль төгсөхөд 6000 нь ажилтай болсон.
Иймд хөдөлмөрийн зах зээлд байгаа мэргэжилтэй уялдуулан сургана. Хэрэв цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл бидэнд танхим болон танхимын бус шийдлүүд бий. Цаашдаа бид хичээл сургалтын хоцрогдол гаргавал нийгэм эдийн засгийн хохирол амсана" гэв.
Д.Батчулуун