Гадаадын иргэн харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат мэдээлэл хийлээ.
Саудын Араб болон Иорданы иргэд Монголд ирж хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, ан хийжээ. Дээрх иргэдэд холбогдох хэргийг ГИХГ-аас илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж. Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат “ГИХГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажилладаг.
Энэ хяналт шалгалтын хүрээнд нэр бүхий ААН-ийн урилгаар Монгол Улсад түр хугацаагаар ажлын болон жуулчлалын ангиллын визээр ирсэн гадаадын иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, ашигласан, мөн ан хийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн тусгай хамгаалалттай газарт зорчсон зөрчил дутагдлыг илрүүлсэн. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь шалгуулахаар прокурорын байгууллагад харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн.
Эдгээр иргэн Монгол Улсад энэ оны зургадугаар сард ирсэн. Саудын Араб болон Иордан улсын долоон иргэн байна. Ийм зөрчил гарсан бол урьж авчирсан ААН-ийг Монгол Улсад дахин гадаад улсыг иргэдийг урьж авчрах эрхийг цуцлах болон хохирлыг арилгуулах, торгууль тавих арга хэмжээ авдаг. Дээр дурдсан зөрчилд холбогдсон иргэдийг урьж авчирсан ААН-д сая дурдсан арга хэмжээг авна" гэв.
А.Сүх