ӨМӨЗО-ноос Монгол Улсад суралцаж байгаа сэтгүүлч мэргэжилтэй, МУИС-ийн “Утга зохиол судлал”-ын магистрант Болдбаатарын Хорвоотой ярилцлаа. Тэрбээр Монголын орчин үеийн уран зохиолын бүтээлүүдээс сорчлон монгол бичиг рүү хөрвүүлж, Өвөр Монголд хэвлүүлэн олны хүртээл болгож буй билээ.
-Саяхан манай залуу яруу найрагчдын бүтээлийг монгол бичигт хөрвүүлэн Өвөр Монголд хэвлүүлсэн шүү дээ. Энэ ажлыг эхлүүлэх болон анхлан тэдгээр уран бүтээлчдийг сонгох болсон шалтгаан юу байв?
-Өвөр Монголд “Цаг ирнэ” гэдэг уран зохиолын бүлгэм бий. Бид хоорондоо ярилцаж байгаад эндэхийн уран зохиол, яруу найргийн сэтгэлгээний түвшин, цар хүрээ ямар байгааг тэнд суугаа залууст хүргэе гэсэн зорилгоор Т.Бямбасүрэн “Үдэлт”, Г.Барсболд “Балархай хүмүүс”, Э.Булганы “Эмгэгтэй” хэмээх гурван яруу найргийн түүврийг монгол бичигт хөрвүүлэн хэвлүүлсэн юм. Энэ эхлэл учраас өөрийн таньж мэддэг, үеийнхэн дундаа чамлахааргүй сайн бичиж байгаа хүмүүсийг сонгосон. Үүнд уран зохиолын тухай миний үнэлэмж бас байгаа. Түүнээс гадна холбогдож зохиолчийн эрхийг нь авах чухал ажил байна шүү дээ.
Тэдний яруу найргаас зүрх сэтгэлийнх нь эмзэглэл нэвт мэдрэгддэг. Үүгээрээ бид Өвөр Монголын уран зохиолын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Энэ бол үүрэг.
-Хэдэн хувь хэвлүүлсэн бэ. Өвөр Монгол залуус хэр сонирхож байх юм?
-Тус, тус 300 хувь хэвлүүлсэн. Гэхдээ ном хэвлүүлэхэд хэцүү болсон цаг. Хэвлэх эрх чөлөө хязгаарлагдмал. ISBN дугаарын хувьд ч тэнгэрийн үнэтэй. Гэвч цаашдаа жил бүр өөрсдийн хураасан мөнгөөр 2-3 номыг монгол бичиг рүү хөрвүүлэн гаргана гэсэн бодол тээж яваа. Тэнд Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар нарын бүтээл хэвлэгдэж, олонд танигдсан учраас тэдний номын борлуулалт ч өндөр байдаг. Харин гурван залуу найрагчийн маань Өвөр Монгол дахь анхны хэвлэл учраас тэгж олон хувь зарагдах боломжгүй боловч сониучирхан авч байгаа нь цөөнгүй учир бахархууштай байна. Гэлээ ч бидний туйлын зорилго зарах бус тэднийг болон уран бүтээлийг нь таниулахюм шүү дээ. Тиймээс хэдэн хувь борлуулагдах, мөнгө төгрөг олох эсэх нь тийм ч сонин биш.
-Танай “Цаг ирнэ” бүлгэм хэдэн гишүүнтэй вэ?
-Дөрвөн гишүүнтэй. Уран зохиолд “сүрэг” болоход бид дургүй. Бөөнөөрөө нэг сүрэг хүмүүс болоод л, тэгж сүрэглэхээр ажил бүтдэггүй шүү дээ. Сүүлийн үед нэлээд ажил хийж байгаа. Өөрсдийн уран бүтээлээ бичихээс гадна “Шарталтын дарах эсээнүүд”, “Нэг зураас нэг өнгө” зэрэг ном гаргасан. Удахгүй Содномпил багшийн "Юм" нэрт Монголын орчин үеийн яруу найргийн антологийг монгол бичгээр хэвлүүллэхээр ажиллаж байна. Мөн Урлаг судлалын ухааны доктор, зураач, нийтлэлч М.Батзориг багшийн "Чи ч цэг, би ч цэг" номд орсон нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр монгол бичиг рүү хөрвүүлэн Өвөр Монголын уран зохиолын томоохон сэтгүүлүүдийн нэг "Дэлхийн утга зохиол" сэтгүүлд нийтлүүлж эхэлсэн.
-Сэтгүүлч мэргэжлээрээ бус утга зохиол судлалаар магистрт сурах болсон шалтгаан тань чухам юу байв?
-Би уран зохиолд бүхнээс илүү дуртай. Гэхдээ яагаад сэтгүүлч мэргэжлээр сурсан бэ гэхээр Өвөр Монголчуудад Монгол улсад ирж суралцах боломж ховор байсан л даа. Тэр үед СУИС-аас Хөх хотод ирж оюутан элсүүлж байсныг “Одон” телевизийн сэтгүүлч эгчээс дуулсан юм. Тэгээд надад урьдаар Монголд суралцах тухай бодол л төрсөн. Дараа нь уран зохиолын чиглэлээр сурч болох юм байна гэдгийг олж мэдлээ дээ. Сүүлийн үед сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, сэтгэл судлал, философи зэрэг нь хоорондоо уусаж, харилцан хамааралтай болж байгаа учраас дан ганц уран зохиолын мэдлэгээрээ сонирхолтой зүйл бичих боломжгүй.
-“Уран зохиолын тухай өөрийн үнэлэмж нөлөөлсөн” гэж түрүүнд дурдлаа. Таны хувьд уран зохиол ямар байх ёстой гэж?
-Уран зохиолын тухай бодол санаа, үнэлэмж бол цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг тогтвортой бус зүйл. Залуу байгаа учраас тогтвортой байх ч боломжгүй. Уншиж, үзэж харсны минь хэр хэмжээгээр өмнөх ойлголтууд хувирна. Гэхдээ Р.Таагүр, Д.Нямсүрэний шүлгүүдийг уншаад үзэхэд хүүхдийнх шиг гэгээн сэтгэлгээтэй байдаг. Надад уран зохиолын бүтээлүүд ийм байх нь илүү таалагддаг.
-Ер нь тэндэхийн уран зохиолын салбарын хөгжлийг хэр түвшинд явж байгаа боддог вэ?
-Дүгнэх эрх надад байхгүй. Гэхдээ залуус маань уран зохиолын салбараа хөгжүүлэхийн тулд нэлээд зүйл хийж байгаа. Бас их уншдаг болсон. Хятад хэлтэй учраас тухайн хэлээр дамжуулан сонгодог болон орчин үеийн бүтээлүүдийг уншчихна. Сүүлийн үед крилл үсэг сурах нь ихэссэн. Түүгээр дамжуулан Монголд хэвлэгдсэн гадаадын зохиол бүтээлтэй танилцаж байна. Унших үйл явцаар дамжин уран зохиолын хөгжлийг таньж байгаа.
“Шарталтын дараах эсээнүүд” гэх номтой юм билээ. Тун сонирхолтой нэр. Үүнээс улбаалан асуухад бичих дадал, зуршлын талаар юу хэлэх вэ?
Энэ нэрийг манай Өвөр Монголын өмнөө барьдаг яруу найрагч Ботгонбуйлаан ахын уг номд орсон эсээний гарчигаар нэрлэсэн юм. Түүнээс биш уусны маргааш шүлэг бичнэ гэдэг бодол надад байхгүй. Юун шүлэг бичих л болно шүү дээ (инээв). Яруу найргийн хувьд орчин надад их нөлөөлдөг. Орчин гэдэг нь нам жим газар аль нэг булан тохой биш, миний “Нутаг”.
Малад хэмээх миний эмээгийн амьдардаг бяцхан тосгон байдаг. Тэнд олон хүн амьдардаггүй, цөөхөн хүнтэй. Дуу сонсоод л гудамжаар алхаж явахад сайхан шүлгийн санаанууд орж ирдэг. Тэр тосгоны амьдрал л надаар шүлэг бичүүлж, шүлгийн санаа өгдөг юм шиг санагддаг.
Харин энд ирээд өчнөөн сар боллоо, ганц ч шүлэг бичээгүй. Нөгөөтэйгүүр шүлгийн санаанууд давхцах болжээ. Монголын яруу найраг битгий хэл, ерөнхийдөө ижил санаатай шүлгүүд их байна. Хүн бүр уран үг холбоод шүлэг биччихдэг болсон ийм үед хэрэггүй шүлгүүд бичихээс илүүтэй түр азнаж, уран зохиолын талаар гүн ойлголттой болсныхоо хойно төлөвлөгөөтэй байгаа.
-Бичихэд тань сэтгэл санааны байдал нөлөөлдөг үү?
-Энгийн, тайван амгалан байдалд л шүлэг бичдэг. Бичих гэж адгадаггүй. Бичих цаг нь ирэх үед ус шиг л урсдаг. Гарахгүй бол албадах шаардлагагүй дээ.
-Таны шүлгээс уншсан. Гэгээлэг санагдсан.
-Сүүлийн үед хүүхдийн уран зохиолыг их сонирхож байгаа. Хүүхдийн сэтгэлгээгээр бичсэн яруу найраг, зохиолууд их таалагддаг.
Хүн болгон цаг хугацаа өнгөрөх хэрээр өөрийн мэдэж байгаа зүйлийн хэмжээ өөрчлөгдсөн гэж итгэдэг шүү дээ. Харин хамгийн нандин чанараа хүүхэд насандаа л орхисон байдаг. Хүүхдүүд бүх зүйл рүү өрөвдөж, энэрсэн харцаар харж, тийм сэтгэлээр бусдад ханддаг. Хүүхдийн зохиолоос тэр бүгдийг нэхэн олж, өөртөө хураах нь чухал.
Өвөр Монголын зарим судлаачид намайг хүүхдийн шүлэг бичлээ гэдэг. Харин хүүхдийн шүлэг биш хүүхдийн сэтгэлээр бичсэн нь байх. Хүүхдийн шүлэгт хайр дурлал ороод байж таарахгүй. Гэхдээ ертөнцийн бүхий л юмсыг хүүхдийн хараасаар харж болно гэж боддог.
-Танд ширээний ном байдаг уу, ер нь “Ширээний ном”-ын талаар ямар ойлголттой явдаг вэ?
-Нэг номыг л бариад сугаад байдаггүй. Сүүлийн үед ямар ч номыг хоёр удаа уншдаг болчихсон. Ямар нэгэн номыг ширээний ном болгоод байнга сөхөж хараад байх нь сонирхолтой биш шүү дээ. Хэн нэг хүнийг ч бас шүтэн бишрээд байдаггүй. Учир нь тухайн яруу найрагч, зохиолчид авах, гээх олон зүйл бий. Шүтэн бишрээд байвал тухайн уран бүтээлд үнэнээр хандаж чадахгүй гэж боддог.
-Өвөр Монголын яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолыг Монголын уран зохиолтой харьцуулан уншиж үзсэн үү. Хэрвээ тийм бол ямар ялгаа болоод ижилсэл мэдрэгдсэн бэ?
-Монголд манай зохиолчдын бүтээл харьцангуй бага хэвлэгдсэн. Өвөр Монголын уран зохиолд дан ганц монгол ахуй, монгол хүн гэхээс илүүтэй “Өвөр Монгол хүн”-ий, “Өвөр Монгол ахуйн онцлог”-ийг дүрсэлсэн нь элбэг. Энэ нь хятадын нөлөө, соёл болоод сэтгэлгээний ижилсэл, нэвчилттэй холбоотой. Тэр дундаас гарсан дүрүүд, зохиолууд ч тун сонирхолтой. Хэлний баялагийн хувьд Монголын уран зохиол сайн юм шиг мэдрэгддэг. Мөн
Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Б.Галсансүх зэрэг олон уран бүтээлчдийн зохиол бүтээл Өвөр Монголд хэвлэгдсэн. Гэтэл тэднийг дуурайх үзэгдэл их гарч байна. Дуурайж бичсэн зүйлээрээ тэндээ олны танил од болчихсон хүмүүс ч байна. Хэн нэгнийг дуурайж, хуулж бичнэ гэдэг уран зохиолд байж боломгүй мэхлэлт.
-Сэтгэлгээний хувьд хоорондоо ялгаатай байна уу?
-Энд залуус чөлөөтэй сэтгэдэг, турших, сурах зүйл олон. Бас ном уншдаг нь их. Чөлөөтэй сэтгэх нь сурган хүмүүжүүлэх орчноос хамааралтай байх л даа. Дундад улс тэр чигтээ энэ тал дээр хэцүүхэн. Гэхдээ Өвөр Монголын залуусаас маань ч авах зүйл бий. Тэр нь Үндэстний соёлын төлөөх “үүрэг”-ийн ойлголт. Монголд ирээд миний бахархсан, гайхсан зүйл бол “Хүний эрх”-ийн талаарх яриа. Гэхдээ үүргийн талаар ярьсан нь бага.
М.Дэвээжаргал