Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилохоор нэр дэвшсэн 478 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг энэ сарын 3-7-нд шалган, 165 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгааг АТГ-аас мэдээллээ.
Уг хугацаанд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Мөн 81 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.