Дэлхий банк санхүүжилтээр Монгол Улсын шүлхий өвчингүй тайван байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 6,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6.5 сая тун вакциныг өчигдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгчээ.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалт энэ сарын 15-аас эхэлж байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлд батлагдсан хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр хүргэлт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн зөвлөх Л.Амарсанаа хэлдэхдээ, “Шүлхий өвчний хувьд малын махны экспортод худалдааны хориг үзүүлдэг өвчин байгаа. Тэгэхээр энэ өвчинтэй тэмцэх нь Монгол улсын хэмжээнд маш чухал. 2022 оны дөрөвдүгээр сараас эхлээд зөвхөн үхэр сүргийг вакцинжуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Үүний үр дүнд шүлхий өвчний дэгдэлт буурч хяналтдаа авч чадсан. Одоогийн байдлаар идэвхтэй голомт байхгүй. Энэхүү вакцин нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн. Нийт 2 сая орчим долларын өртөгтэй” гэлээ.