Багануур дүүрэгт 2022-2023 оны хичээлийн жилд төрийн өмчийн есөн цэцэрлэгт 2113 хүүхэд буюу 87 хувь нь хамрагдаж байна. Төрийн өмчийн гурван, төрийн бус өмчийн нэг, ерөнхий боловсролын сургуульд 6882 сурагч суралцаж байна. Дүүргийн хэмжээнд сургуулийн ээлжийн коэффициент 1,7 анги дүүргэлт 33,4 байна. Насан туршийн боловсролын төвд 41 суралцагч, “Гэрэлт-Ирээдүй” МСҮТ-д 198 суралцагч суралцаж байна. Багануур дүүргийн малчид голдуу төвлөрөн суурьшдаг хоёрдугаар хороонд 2019 онд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн. Гэвч үр дүн нь муу. Дөрвөн жилийн турш бүтээн байгуулалт үргэлжилсэн ч өнөөдөр ашиглалтад ороогүй л байна. Барилгын компанийн удирдлагууд болон хяналт тавьж байгаа хүмүүсийг байлцуулан тавдугаар сар гэхэд дуусгах чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өглөө.