Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооноос “Нэг гудамж – Нэг камер” иргэдийн оролцоотой төслийг санаачлан хэрэгжүүлжээ. Аюулгүй орчин эрүүл ирээдүйг бүтээх зорилготой уг төслийг иргэдийн өөрсдийн оролцоотойгоор хорооны нийт нутаг дэвсгэрийг бүрэн камержуулах юм.
Нийт 100 гудамжинд 100 ширхэг камер суурилуулах бөгөөд өдөр шөнийг өнгөтөөр харах, -50, +50 градуст ажиллах, бороо ус чийгийн хамгаалалттай, 1080 HD чанартай дуу, дүрсний бичлэг хийх зэрэг хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай хяналтын камерыг суурилуулж эхэлсэн байна.
Мөн айл өрх бүр, албан байгууллагууд гар утаснаасаа өөрсдийн гудамжны камерыг 24 цаг хянах боломжтойгоороо давуу талтай аж. Тус хорооны нийт нутаг дэвсгэрийг бүрэн камержуулснаар 10 мянга гаруй иргэд, 2600 орчим өрх, 60 орчим аж ахуйн нэгжийг гэмт хэргийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шөнө харуй бүрийд аюулгүй зорчих ач холбогдолтой юм.