Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа. Түүнийг дагалдаж ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй салбарын удирдлагууд ажилласан юм.
Тус ангийн захирагч хурандаа Х.Энхболд ангийн түүх, дайчин уламжлал, өнөөгийн байдал, хийгдсэн бүтээлч ажлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулсны зэрэгцээ ёс зүйтэй байж, цэргийн алба хаагчдын сахилга хариуцлагыг бэхжүүлэх, тэдний бүтээлч санаачлагыг дэмжих талаар анхааран ажиллаж байгаагаа уламжлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн ангийн зарим объект, барилга байгууламж, “Соёл спортын төв”-ийн үйл ажиллагаа болон ашиглагдаж байгаа Зэвсэглэл, техникийн бэлэн байдалтай танилцсан юм. Үргэлжлүүлэн тус ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод", "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн талаар танилцуулав.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа Х.Энхболдод Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулсан юм.