Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ. Энэ удаад хавар болсонтой холбоотойгоор "Шар тоос"-ны амралт яаж дуусдаг тухай хуваалцъя.
Хаврын урин өдрүүд ирэв. Үүнтэй зэрэгцээд шороо тоос нь ч айсуй. Өглөөний цэнгэг агаар хүйтэн ус залгих мэт хоолой давна. Арав алхалгүй урдуур униар будан шиг тоос татах буюу.
Энэ юу билээ, шуурга л лавтай биш. Энэ бол ТҮК-ийн ажилтны сэрээж, хэвтрээс нь цочоон босгосон замын нарийн шар тоос билээ.
Өдгөөгөөс олон жилийн өмнө уралдааны морь шиг тоосон дундаас сугаран гарч, зулран зугтан зайлан оддог байв. Хааяа өглөөгүүр замын дунд өнөөх гайхал угтаж байна шүү дээ. ТҮК-ийн ажилтны буруу гэж үгүй боловч бусдын эрүүл мэндийг бодож, дэрсэн шүүрээ хэдхэн хором “амрааж” байгаасай.
Нус цэр, шүлс нь ууршиж шингэсэн Улаанбаатарын нэгэн хавраар явган хүний замыг өгсөж, уруудан алхаж байхдаа ийн бодов.
Нийгэм хувьсан өөрчлөгдөж, дэвшилтэт технологиуд ар араасаа цувран гарсан ч шар шороон дундаас дурайн харагдах хэдэн хүнд тийм зүйлийн ид шидийг үзэх цаг хараахан ирсэнгүй бололтой.
М.ДЭВЭЭЖАРГАЛ