Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбооноос “Хиймэл оюун анагаах ухаанд: Хиймэл оюуны үр шимийг хүртэх нь” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Тус хурал нь 2023.05.06-ны өдөр Холидэй Инн/Holiday Inn/ зочид буудлын хурлын их танхимд болох юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран хэрэгжүүлж буй энэхүү олон улсын хурал нь,
Монгол улсын эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, хүний нөөц, технологийн шийдлийн талаар хэлэлцэх,
Хиймэл оюун ухааны анхан шатны мэдлэг, уг технологийг хөгжүүлэхэд ямар бэлтгэл хангах тухай суурь ойлголтуудыг олгох,
Эрүүл мэнд болон технологийн салбарын хамтын ажиллагааг бий болгох зорилготой юм.
Ташрамд дурдахад, Монголын анагаахын хиймэл оюун ухааны холбоо нь нийтэд үйлчлэх, хэнийг ч үл орхигдуулах зарчмыг баримтлан хиймэл оюуныг анагаахын салбарт аюулгүй, тэгш, ёс суртахуунтайгаар нэвтрүүлэх, зөв зохистой хэрэглээг таниулах замаар эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой төрийн бус байгууллага юм.