Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн. Үүний улмаас модон 7, төмөр бетон 1 гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иймд уг гүүрүүдийг сэргээн засварлахад Засгийн гарын нөөц сангаас хөрөнгө гаргахаар болов.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын дээгүүр 150 метрийн урттай гүүр барих төсвийг шийдвэрлэлээ. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас “Сэлбэ”голын далан зарим газраараа сэтэрч, яаралтай сэргээн засварлах ажил үргэлжилж байна.